Эхлэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтад оролцов

У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтад оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний онол, арга зүйн цугларалтад оролцов.

Тэр бээр хугацаат цэргийн албаны тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх,  дэвшилтэт технологи, инновац, туршилт, судалгааны үр дүн, шинэ бүтээл, оновчтой санал нэвтрүүлж байгаагаа улам идэвхжүүлэх, цэргийн мэргэжлийн боловсрол, сургалт бэлтгэлийн тогтолцооны шинэчлэл, чанар, үр нөлөөг дээшлүүлэх, Энхийг дэмжих ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх, удирдлагын болон цэргийн алба хаагчийн манлайлал, ёс зүй, төлөвшил зэрэгт онцгой анхаарч ажиллахыг санууллаа.

 “Өөрчлөлтийн менежмент ба цэргийн сургалт бэлтгэл” сэдвээр зохиож буй энэ удаагийн цугларалтад Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд, төрлийн цэргийн командлагчид, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нар оролцож байна.

Тэд “Өөрчлөлтийн менежментийг цэргийн сургалт бэлтгэлтэй уялдуулах нь” сэдвээр үндсэн илтгэл хэлэлцэж, “Өөрчлөлтийн удирдлагын арга зүй”, “Олон улсын аюулгүй байдлын орчин ба Монгол Улс”, “Өөрчлөлтийн менежмент ба төрийн албаны шинэтгэл” сэдвээр  онол, арга зүйн мэдээлэл авлаа.

Мөн “Зэвсэгт хүчний залуу офицеруудыг дэмжих жил”-ийн хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас зохион байгуулсан “Залуу офицеруудын нийгмийн асуудал, итгэл үнэмшлийн талаарх социологийн судалгаатай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр маршал Х.Чойбалсангийн нэрэмжит, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд ажиллалаа.

Тэр бээр байлдагчдыг  хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж байгаад нь баяр хүргэж, цаашдынх нь амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ “Жишиг цэргийн хотхон” төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд цэргийн байр, дулааны болон цэвэр усны шугам, уурын зуух, халуун ус, угаалгын газар зэргийг шинэчилсэн. Цаашид нэгтгэлийн штаб, шалган нэвтрүүлэх байр, спорт цогцолбор, цэргийн гал тогоо зэргийг шинэчлэн засварлаж, барихаар төлөвлөжээ.

Мөн нэгтгэл Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 6,000 гаруй мод, бут, сөөг тарьж, усалгааны систем суурилуулан, 11,000 гаруй м.кв талбайг зүлэгжүүлээд байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here