Б.ДАМДИН-ОЧИР
“…МАНАН өндийж байна” гэж гадуур яриад эхэлсэн нь Х.Нямбаатар хотод томилогдсонтой холбоотой. Тэрбээр “…Хотын авлигын өнгөрсөн 30 жилийн хатигийг шахна” л гэсэн. Үнэндээ дээрх хугацаанд хотын авлига “үүц” болтлоо бугшсан. Нэг илрэл нь нийтийн тээврийн автобусны худалдан авалт сая ил болсон. Төрийн нууцад аваагүй хэчнээн асуудлыг “…Нууц” гээд нууцаар хийчихсэн нь тодорхойгүй байгаа юм. Түүнээс гадна газрын наймаа гэдэг том асуудал бий. Нууцаар халхавчилсан худалдан авалтаас илүү ноцтой. Энэ дээр экс Мээрүүд эвгүйтэх сураг дуулдаж байна. Х..Нямбаатар Хотын мээр болоод очиж байгаагийн учир энэ бололтой. Түүний хувьд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд байсан. Баргийн улстөрчийн хүрдэггүй карьерт тулсан. Харин Хотын мээр гэдэг бол буугаад очиж байгаа хэрэг юм. УИХ дээр том том асуудал ярьдаг байсан хүн Хотын хурлын 45 төлөөлөгчийн өмнө ажил нэхүүлээд, тайлангаа тавиад суух болж байгаа юм. Хот бол асуудлаар дүүрэн. Олонх нь бүтэлгүй талдаа байдаг. Адаглаад л Улаанбаатарын утаа гэж айхтар юм байна. Утаа наашилж байна. Утааг бууруулна гээд олон жил төсөв, төслийн хөрөнгийг дэмий үрсэн байдаг. Эцэст нь янданг цөөлөхөөс өөр утааг бууруулах арга байхгүй гэдэг нь тодорхой болж байна. Х.Нямбаатар энэ тал дээр юу гэж үздэг юм, бүү мэд. “…Хотын бонд босгоод, энэ жил 32 орчим тэрбумаар нь Хятадаас кокс нүүрс авчирч түлнэ” гээд Эрчим хүчний сайд яваад байна. Үүнийг дэмжвэл Х.Нямбаатар буруутна. Энэ мэтийн улс төрийн карьертаа нэгмөсөн цэг хатгаж мэдэх эвгүй асуудал хотод олон бий. Харин тэрбээр ингэж суухын тулд “…Ирэх сонгуульд нэр дэвшихгүй” гээд амлачихна лээ. Хэцүү л дэнчин болж сонсогдсон. Гэхдээ “…Х.Нямбаатар экс Мээрүүдийн “авлигын үүц”-ийг ухаж чадах уу, үгүй юу” гэдгээс бүх зүйл шалтгаална л даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин