Эхлэл санал Нийслэл 40-50 дүүрэгтэй болоход одоогийн ИТХ-ын 45 төлөөлөгч хэд болж тоо нь...

Нийслэл 40-50 дүүрэгтэй болоход одоогийн ИТХ-ын 45 төлөөлөгч хэд болж тоо нь өсөх вэ

Одоо цаг дор даган мөрдөж буй Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар ирэх 2024 оны Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь 10 дугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байх юм. 2024 оны 10 дугаар сарын эхний хагас нь 1-4, 7-11, 14, 15 гэсэн ажлын 11 өдөртэй. УИХ нь эдгээр 11 өдрөөс сонгож Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 5 дугаар сарын 1-нээс өмнө товлон зарлах үүрэгтэй. Тиймээс дараа жилийн Орон нутгийн Хурлын сонгууль хамгийн ойрхондоо 10 дугаар сарын 1-ний даваа гарагт, хамгийн цаад хугацаанд гэвэл 10 дугаар сарын 15-ны мягмар гарагт болно гэсэн үг.

Гэхдээ УИХ-аас хуульд өөрчлөлт оруулж дээр дурдсан 11 өдрөөс өөр цаг хугацаанд сонгуулийн санал хураалт авахыг товлож, тухайлбал 2012 оных шиг 11 дүгээр сард явуулах боломжтой. Гагцхүү УИХ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа 2020 онд баталсан тус хуулийн 82.1. дэх Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх 1 жилийн хугацаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалтыг чандлан сахих ёстой.

Ташрамд онцлоход, өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт буюу 10 дугаар сарын 11-нд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Амартүвшин, Т.Энхтүвшин нар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж эхэлсэн.

Эрхэм гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд 82.1.-д хуульчилсан нэг жилийн хугацааг багасгаж зургаан сар болгон өөрчлөх зохицуулалтыг тусгажээ. Хэрвээ УИХ-аар тус өөрчлөлт  батлагдвал 82.1. Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх 6 сарын хугацаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн зүйл заалттай шинэ хуультай болно. Үр дүнд нь  УИХ-ын эрхэм гишүүдэд 4 дүгээр сарын эхний хагасаас өмнөх хугацаанд тус хуульд дахин гар хүрэх хуулийн боломж нээгдэнэ.

Хэрвээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд дахин гар хүрэх хуулийн энэхүү боломж нээгдвэл, юуны түрүүнд Улаанбаатар хотын эрх барих дээд байгууллага Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн мандатын одоогийн тоо 45-ыг, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн ажлын байрыг 76-гаас 126 болгож өсгөсөн шиг, олон болгож олшруулах нь тус хуулийн өөрчлөлтөөр шийдэх гол асуудал болж таарна. Харин хэд болох вэ гэдэг нь сонирхолтой байна. Хэд хэдэн хувилбартай “замын зураг” харагдаж байна. Үүнд,

__Улаанбаатар хотын шинэ захирагч, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нь 1,7 сая хүн амтай хотын 9 дүүргийн тоог тав дахин олшруулж 40-50 дүүрэгтэй болгоно гэж мэдэгдсэн. Үүнийг автоматаар жишиж, одоогийн нийслэлийн ИТХ-ын гишүүдийн тоог тав дахин /45х5/ нэмэгдүүлж 225 болгохын тулд Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн мандатын тоог 225 болгох

__Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн 100 хувийн 76-гийн тоог 165,8 хувьд хүргэж өсгөн 126 гишүүнтэй болгосон. Үүнтэй дүйцүүлэн 45 төлөөлөгч 100 хувь бол 165,8 хувь нь хэд вэ гэж тоо бодоход 75 гэсэн хариу гарна. Энэ нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн тоог 45-аас 75 болгох хувилбар. Ирэх 2024 оны ээлжит Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн мандатын тоо 75 болно гэсэн ойлголт.

“Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэх” гэсэн цэцэн үг бий. Ирэх 2024 оны нийслэлийн Иргэдийн Хурлын сонгуулиар нийслэлийн одоогийн 45 төлөөлөгч дээр нэмэгдэж “төрөх” төлөөлөгчдийн “төмөр өлгий” болгож УИХ-ын эрхэм гишүүдээс бэлдсэн, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 82.1-д байгаа Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх 1 жилийн хугацаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэснийг өмнөх 6 сарын хугацаанд гэж өөрчлөлт оруулах төсөл УИХ-аар батлагдах, эс батлагдахыг иргэд олон нийт харах л үлдлээ.

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here