Эхлэл дэлхий Саудын Арабын Зэвсэгт хүчнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ

Саудын Арабын Зэвсэгт хүчнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ

Йемений “Ансар Аллах” (хуситууд) хөдөлгөөний босогчидтой зэвсэгт тулгаралт болсны дараа Саудын Арабын Зэвсэгт хүчин, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн тухай Bloomberg агентлаг эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, босогчид хэдэн долоо хоногийн өмнө Саудын Арабын нутагт пуужингийн цохилт өгөхийг оролдсоны дараа тус улсын Зэвсэгт хүчний бүх ангиудад дээрх тушаалыг өгсөн байна. Пуужинг агаарын довтолгооноос хамгаалах системээр амдан сөнөөжээ. Зэвсэгт хүчнийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулах өөр нэг шалтгаан нь Йементэй хиллэдэг өмнөд нутгийн Жизан мужид босогчидтой зэвсэгт тулгаралт болох үеэр Саудын Арабын дөрвөн цэрэг амиа алдсан явдал юм.

Энэ сарын 19-нд босогчид Израилын чиглэлд далавчит пуужин харваж, нисгэгчгүй онгоц илгээсний дараа мөргөлдөөн эхэлсэн бөгөөд тэдгээр пуужин ба дроныг Улаан тэнгист байрлаж буй АНУ-ын эскадрын мина тээвэрлэгч хөлөг онгоц сөнөөсөн гэж Пентагон мэдээлжээ.

Bloomberg агентлагийн мэдээлснээр, Саудын Арабын Батлан хамгаалахын сайд, хунтайж Халед бен Сальман Аль Сауд аравдугаар сарын 30-нд Вашингтон хотод Ж.Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзаж, Израил, ХАМАС-ын мөргөлдөөн, Йемен дэх нөхцөл байдлыг хэлэлцжээ.

Bloomberg агентлаг Саудын Арабын Засгийн газар болон хуситуудын төлөөлөгчдөөс тайлбар өгөхийг хүссэн боловч хариу өгөөгүй байна.

Йемений Засгийн газрын цэргүүд ба “Ансар Аллах” хөдөлгөөнийг дэмжигчдийн хоорондох сөргөлдөөн 2014 оны наймдугаар сараас хойш үргэлжилж байна. 2015 оны гуравдугаар сард Саудын Араб тэргүүтэй эвслийн цэргийн хүч тус улс руу довтолсноор мөргөлдөөн ширүүссэн юм. 2022 оны дөрөвдүгээр сард мөргөлдөөнд оролцогч талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн бөгөөд уг тохиролцоо 10 дугаар сарын 2-нд дуусгавар болжээ.

Эх сурвалж: montsame.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here