Ордонд ч, гудамжинд ч “НӨАТ-ын 5 хувь”-ийн талаар хоёр хуваагдаад маргаж байна. Сонсоход чихэр шиг сайхан санаачилга л даа. Гэхдээ цонхны цаадах чихэр аж. Яагаад гэвэл 2024 оны Төсвийн хуулийг УИХ-д өргөн барихтай зэрэгцэн “НӨАТ-ын 2 хувийн татварыг 5 хувь болгоё” гэдэг энэ гоё санаачилга гарч ирсэн юм. Шулуухан хэлэхэнд энэ бол нэр бүхий улстөрчийн улс төрийн оноо авах тоглолт төдий юм. Угаасаа “НӨАТ” гэдэг бол яах аргагүй олон нийтийн сэдэв шүү дээ. Иргэдийн халаастай шууд холбогддог. Олонхийнх нь халаас 5 хувийн сурагаар л түнтийж байгаа мэдрэмж төрүүлж байх шиг байгаа юм. Ийм л ид шидтэй санаачилга байгаа юм л даа. Тэр утгаараа НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохыг олон нийт дэмжинэ гэдэг нь анхнаасаа тодорхой гэсэн үг л дээ. Энэ яаж явж ирэв гэхээр, парламентаас НӨАТ-ыг 5 хувь болгох санал асуулгыг petition.parliament.mn цахим системээр дамжуулан явуулсан. Олон нийт ч шуурч саналаа өгсөн. Улмаар дэмжсэн санал 102 мянгад хүрч хуулийн төсөл боловсруулан парламент хэлэлцэх нөхцөл байдал үүсээд байна.
Хамгийн гол нь энэ ойрын үедээ бүтэшгүй юм. Цонхны цаадах чихэртэй л адил юм. Ерөөсөө НӨАТ-ын 5 хувь дээр МАН-ын гишүүд хоёр хуваагдаад байгаагаас тодорхой харж болно. Тэдний зарим нь энэхүү “цонхны цаадах чихэр”-тэй санал нэгдээгүй гэсэн үг. Энэ асуудлыг анх УИХ дахь МАН-ын бүлэг дээр хэлэлцэхэд гишүүд нь тус тусынхаа байр суурийг илэрхийлсэн байдаг. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хурлын дараа “Ер нь бид petition.parliament.mn-ын журмыг эргэн харах учиртай” гэдэг тайлбараас өөр юу ч хэлж чадаагүй. Гэсэн ч дараагийн буюу энэ долоо хоногийн МАН-ын бүлийн хурлаар дахиад л энэ асуудлыг хэлэлцсэн. Ингэхдээ тус бүлэг “Иргэдийн саналаар НӨАТ-ын 5 хувь дээр хоёр хувилбартай хуулийн төслийг санаачилна. Гэхдээ 5 хувь болгох хууль батлагдсан ч 2024 оны төсөвт биш 2025 оны төсөв дээр суух боломжтой” гэдгийг тодотгоно лээ. Ингэхээр л бүх зүйл ойлгогдож байгаа биз. Санал өгсөн хүмүүсийн хувьд өнөө маргаашгүй л НӨАТ-ын 5 хувиа дансандаа авах ойлголттой байгаа юм. Гэвч хуулийн процесс нь ийм юм байна. Өөрөөр хэлбэл, хууль батлагдлаа ч 2024 оны сонгуулийн дараа л таван хувиа авч эхлэх нь. Тэгэхээр “НӨАТ-ын 5 хувь” гэдэг бол хэн нэгэн улстөрчийн ойрын зайны, тодруулбал сонгууль хүртэлх оноо цуглуулах улс төр гэдэг нь маш ойлгомжтой. Хэнийх вэ, хэн лоббидоод, дэмжээд байна вэ гэдгийг ч эхнээс нь хүмүүс олж хараад эхэлсэн байна лээ шүү. Яг үнэндээ энэ 5 хувийн асуудал сонгуулийн дараа хэрхэх нь тэр улстөрчид, дэмжигчдэд хамаагүй. Сонгууль юу ч болоо билээ, хэн мэдлээ дээ. Харин түүнээс өмнө л “НӨАТ-ын 5 хувь” дээр дөрөөлсөн ямар нэг “улс төр” болох гээд л байгаа бололтой.
Эх сурвалж: news1.mn