Цэрэндашийн Цолмон
Монголын олон улс судлалын Алтан Аргамж Холбооны Ерөнхийлөгч, Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин Сайд, Гавьяат эдийн засагч, доктор, профессор
Эрт үеэс “алтан аргамж” /арга+мж -аргыг олох чадамж/ гэдэг томъёоллыг монголчууд хэрэглэдэг байсан нь “дипломаси, дипломатия”-тай дүйж байгаа боловч өнөөдөр “дипломат үйл ажиллагаа” гэсэн гурван үгээр орчуулж хэрэглэж байгаа нь зохимжгүй юм. Техникийн шинэ ойлголт орж ирж байгаа бол бас ч нэг хэсэгтээ гурван үгээр тайлбарлах маягаар ярьж болох юм. Аливаа үйл ажил байнга хэрэглэгдэхийн хэрээр нэр томъёо нь нэг үгээр оновчтой илэрхийлэгддэг. Жишээ нь, мал аж ахуй олигтой хөгжөөгүй газрын хэлэнд “гурван настай эр/эм үхэр“ гэж олон үгээр хэлдэг бол мал ахуй хөгжсөн Монголд “гуна, гунж” гээд оноосон нэртэй болсон байх жишээний…
Гадаад үгийг монголжуу болгон ашиглах арга байдаг. Өнөөдөр энэ замаар явж байгаа боловч бүрэн цэгцлээгүй байна. “Диплома” гэх эртний грек үг нь тусгайлан томилогдсон, онцгой эрх бүхий элчид олгодог эрхийн бичиг гэдэг утгаараа Монголын “гэрэгэ” гэдэг ойлголттой дүйж байгаа юм. Англиар Diplomacy, оросоор Дипломатия гэх ойлголтыг өнөө үед “төр улсууд, олон улсын байгууллага болон бүлгүүдийн төлөөлөгчдийн хооронд харилцах, хэлэлцээ хийх, олон улсын харилцаа, гадаад бодлого хэрэгжүүлэх урлаг, ажиллагаа юм” гэж тодорхойлдог. Энэхүү “дипломаси”-г монгол хэлэнд зохицуулан дуудлага дөхүү болгож гадаад үгээр нь хэрэглэвэл “дипломац” болно. Дипломац эрхэлдэг, мэргэшсэн хүнийг өмнөх нийгэмд “дипломатч” гэж нэрлэж байсан нь үргэлжилсээр байгаа билээ. Төрөөс олгосон “Гэрэгэ” авч яваа элч нь “гэрэгэтэн” болно. Энэ нь “диплома” авч яваа хүнийг “дипломат” гэдэг болсонтой ижил юм.
Асар өргөн орон зайд үр дүнтэй гадаад бодлого, үйл ажиллагаа явуулж дэлхийн талыг захирч байсан Их Монгол гүрний үед ямар томъёолол, хэллэг хэрэглэж байсныг тодруулахын тулд. Монголын Нууц Товчоо буюу Алтан дэвтэрт дурьдагдсан холбогдох ойлголтуудыг авч үзье.
МНТ 215 дугаар зүйлд: Бас түүний хойно Жэү гуан (буюу Сүн улсын Жэү хаан)-д найрамдахаар илгээсэн Жубхан тэргүүтэн олон элчийг Хятадын Алтан хаан алсан тул, Чингис хаан Нохой жил (1214) Хятадтай байлдахаар дахин мордов.” гэсэн байдаг. 254 дүгээр зүйлд Ухуна тэргүүтэй 100 элч алагдсанд Чингис хаан өгүүлрүүн: “Алтан аргамжаа сартаул иргэнээр тасдуулаад зүгээр орхиж болох уу? Ухуна тэргүүтэй 100 элчийн өшлийг өшиж хяслыг хясаж, сартаул улстай байлдъя” гэж шийдсэн тухай бичсэн байдаг. Алтан аргамжаа тасдуулсан” тухай харуусал нь “хааны арга ухаан, бодлого, үйлсийг тасалдуулсан” учраас шийтгэл хүлээлгэх зүйл болжээ.
Мөн 265-д …”элчийг томилоод дуу бариулж хэлүүлсэн.” гэсэн өгүүлбэр бий. Албан бичиг нь их төлөв шүлэг бөгөөд “цээжлэвч амархан тул дуу гэж нэрлэсэн” гэж МНТ ны 2006 онд хэвлэгдсэн кирил үсгийн хувилбарт бичсэн байна. Курьер гэдэг нь “хэл хүргэгч” -тэй дүйх бөгөөд амаар болон бичгээр хэл мэдээ хүргэгч юм. Тэгэхээр Гэрэгээт хэл хүргэгчийн авч яваа мэдээг “гэрэгээт шуудан”/ гэх болно.
Элч гэх ойлголтыг хүмүүс сайн мэддэг. Харин элчийг илгээдэг хүнийг “Элчтэн” гэдэг байсныг төдийлөн мэддэггүйгээс өнөө хүртэл хэрэглэхгүй байна. Энэ тухай МНТ-ны 245-дугаар зүйлд Отчигон ноён “Элчтэн” биш байж элч илгээсэн гэж бөө нар шүүмжилсэн тухай дурьдсан байдаг. Чингис хаан бол элчтэн байв. Өнөөдөр хүмүүс “элчин харилцаа” гээд байдгийг “элчтэн харилцаа” гэх нь зөв юм. Улс хоорондын харилцаа нь илгээгдсэн элчүүдын хоорондын ажил гэхээсээ тэднийг илгээсэн Элчтэн нарын явдал буюу “Элчтэн харилцаа” юм.
Нууц Товчоонд бичигдсэн Элчтэн, элч, гэрэгэтэн, хэл хүргэгч нарын үйл ажиллагааг нэгтгэсэн тогтолцоог бүхэлд нь “аргамж” гэдэг байжээ. Чингис хааны бодлогоор гэрэгээт элч томилох, яриа хэлэлцээ хийх, дуу бариулж хэл хүргэх, гадны элчийг хүлээн авах зэргээр энх орших аргыг олох үйлсийг “Алтан аргамж “ гэдэг ойлголтод багтааж байсан нь өнөөгийн Diplomacy- тай дүйж байна. Хааны аргамжийг Алтан аргамж гэж тодотгохоор Чингис хааны golden diplomacy гэсэн ойлголт болж байна.
Энд “аргамжаа” гэдэг үгийг монгол ахуйд хэрэглэдгийг дурьдах нь зүйтэй санагдана. Энд “аргамж”, “аргамжаа” хоюул “арга” гэдэг язгуураас үүссэн өөр өөр ойлгоц уу эсвэл аль нэгнээсээ зээлдсэн ойлголт, томъёолол уу гэдгийг тодруулах нь чухал юм. Малтангууд морио бэлчээрт урт сураар уяж, тодорхой орон зайд чөлөөтэй мөртлөө зайлах аргагүй идээшлэх “нарийн” аргыг аргамжаа гэхээс биш, дээс, сурыг нь “аргамжаа” гээгүй гэж бодогддог юм. Ямартаа ч сур, дээснээс “аргамж” үүсээгүй, арга, ухаанаас “аргамж” үүсгээд хэрэглэж ирсэн болой. Алтан аргамж нь Golden diplomacy болно.
Аргамж сэдэж, сургамж авч, бүтээмж гаргавал их суу залийн ивээлд оржихуй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин