Эхлэл УИХ Протокол: Х.Нямбаатарын оронд Ж.Бат-Эрдэнэ нүүрсний түр хороонд ирэв

Протокол: Х.Нямбаатарын оронд Ж.Бат-Эрдэнэ нүүрсний түр хороонд ирэв

Төмөрбаатарын БАТСАЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.20 цагт гишүүдийн 50.6 хувийн ирцтэйгээр эхлэв.  Хуралдааны эхэнд  УИХ-ын дарга Г.Занданшатар  хэлэлцэх асуудлыг танилцуулсан.  Нэгдсэн чуулганаар  Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж,  Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  Мөн Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа, О.Мөнхсайхан нарыг Цэцийн гишүүнээр томилов. 2023 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Нүүрсний хэргийн сонсгол зохион байгуулах Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцсэн протоколыг хүргэе. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Н.Алтанхуяг нар зарчмын зөрүүтэй санал гаргав.

 

ТҮГЖРЭЛИЙН АСУУДЛЫГ ЗАХИРГААНЫ АРГААР ШИЙДЭЖ БОЛОХГҮЙ

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Монгол Улсад хүний эрхийн асуудал нэлээд хүнд түвшин рүүгээ орж байна.  Хаа сайгүй хүний эрхийн зөрчил гарч байна.  Ялангуяа эрх баригчдыг шүүмжлэхээр тэр хүмүүсийн амыг хаах, авлигадах, хуулийн байгууллагуудаар дарамтлуулах ийм зүйл их гарах юм.  Үүний нэг нь цэргийн дэглэлтээр үргэлжилж байна.   Саяхан нас барсан цэрэг хүүгийн нас барсан асуудал эргэлзээтэй хэвээр байна.  Яагаад эцэг эхэд нь хэлэхгүйгээр  цогцост нь задлан хийж байгаа юм. Энэ бол маш ноцтой асуудал.  Хүний эрхийн хамгийн дээд зэргийн дээрэлхэлт шүү дээ. Тэр хүүгийн эмээ нь над руу залгаж энэ асуудалд анхаарч өгөхийг хүссэн.  Салбарын сайд руу нь залгахаар утас нь болохгүй юм.  Асуудлыг хурдан шийдэх боломж байгаа гэж харж байна.  Гэтэл яг юу саад болоод байгаа юм.  Цэргийнхээ нөхцөл байдлыг сайжруулахын оронд өөрсдөө сонгуульд улайрч, энэ зунжин цэргийн бие бүрэлдэхүүнийг Архангайд ажиллуулаад явж байсан.   Цэргийн төсвийн мөнгөөр  сонгуулийн ажил хийсэн шүү дээ.  Тэр мөнгөөрөө цэргийн ангийнхаа орчин нөхцлийг сайжруулахгүй яасан юм.  Ийм байдлаар төрийн мөнгийг хувьдаа ашиглаж болохгүй.  Төрийн мөнгө уйлдаггүй гэж асуудалд хандаж болохгүй.    Манай намын дарга нар энэ асуудлаар дуугарахаар чимээгүй байж бай гээд байгаа юм.  Чимээгүй байж байхад ард түмэн сонгох юм гэнэ. Бид ард түмнийхээ талд дуугарахгүй өөр хэн дуугарах юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-УИХ-ын гишүүн М.Оюунчимэг 17 минут хоцорлоо.  Цагтаа ирж бай.  Өглөө эрт босч бай.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Би Б.Пүрэвдорж гишүүнтэй санал нэг байна.  Та нар одоо ажил хийхгүй юм уу.  Газар сайгүй л төсвийн мөнгөөр сонгуульд бэлдсэн хүмүүс. Батлан хамгаалахын сайд нь тэр цэрэг ямар байсныг би мэднэ гэх юм.  Сайдын мэддэг нэг ширхэг цэрэг байхгүй.  Танай бүлэг, Засгийн газар тэр сайддаа арга хэмжээ авахгүй юм уу.  Тайван цагт маш олон ардын хүүхэд үхэж үрэгдэж байна.  Хүүхдээ цэрэгт явуулсан болохоос биш оршуулгын газар явуулчихаагүй юм байгаа биз дээ.  Та нар арга хэмжээ аваарай.  Төсөв хүчээр баталчихаад та нар их баяр баясгалантай суугаад байна.  Тийм зүйл байхгүй.  Ард түмний амжиргаа ахуй амьдрал улам дордсон.  Энэ төсөв ард түмний ахуй амжиргаанд ширхэг ч дэм болохгүй.  Харин нэрмээс болно. Төсвийг та нар нохойн амаар нь нийлүүлээд нэг хаялаа даа.  Нохой амаараа нийлсэн хана ер нь яадаг билээ.  Монгол төрийн бодлогын хана ер нь нохой амаараа нийлээд яваад байгаа.  Буруу байна.  Зас та нар энийгээ. Төсвийн хууль бол Монголыг дампууруулах хууль болсон.  Төрийн өмчийн өчнөөн байшин сав барина.  Гадаадаас баахан барилгын материал тавилга авна.  Үнийн өсөлт энэ тэр хазаарлах ширхэг ч юм ороогүй.   Монголбанкны мөнгөний бодлого Төсвийн бодлоготой ямар ч уялдаагүй.  Тогтворжуулалтын санг  Ч.Хүрэлбаатар гэдэг худалч нөхөрт хэлсэн.  Дандаа худлаа ярина.  Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санг алаад идчихсэн.  Ирээдүйн өв сангаас хүүхдийн мөнгийг авч хэрэглэчихээд тэрний үлдэгдлийг өсгөхгүй байгаа.  Зөвхөн ханшны уналтаас 700 тэрбум төгрөгийн алдагдаж хүлээж байгаа.  Та нар ер нь юу хийгээд суудаг юм.  Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёрын үгийг  бурханы үг гэж ойлгоод байгаа юм уу.  Энэ хоёр улсыг чинь дампууруулж байна шүү дээ.  Мөн шударга ёс тогтоож өгнө гээд явж байсан  Хууль зүйн сайд Х.Нямбаатар одоо түгжрэлийг асуудал руу орчихсон явж байх шиг байна.  Хуулийн салбарт овоо юм хийх байх гэсэн хаячихаад алга боллоо.  Тэгснээ захиргааны аргаар асуудлыг шийдэх гээд байдаг. Асуудлыг шийдэж шийдэх гэж байгаа арга чинь буруу байна.  Торгоно, ачина, шоронд хийнэ.  Болиоч дээ та нар.  Гэр хорооллыг орон сууцжуулах болон түгжрэл бууруулахыг зах зээлийн зарчимд нийцсэн байдлаар шийдэх ёстой.  100 мянган хүн саналаа өгсөн НӨАТ-ын таван хувь яасан бэ, Г.Занданшатар дарга аа.  Мөн түлш, утааны асуудлыг УИХ дээр ярья гэсэн яасан бэ?

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-АН-ын бүлгээс утаа түлшний асуудлаар холбогдох хүмүүсийн мэдээллийг сонсох саналыг тавьсан.  Энэ долоо хоногийн чуулганд Ерөнхий сайд өөр асуудлаар мэдээлэл хийх учраас УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хэлэлцээд ирэх долоо хоногт болгон хойшлуулсан шүү.  Хүний эрхтэй холбоотой асуудалд ХЭҮК маш муу ажиллаж байна.  Шаардлагатай бол арга хэмжээ авна.  Ирэх долоо хоногт ОУПХ-ноос манай парламентад хүний эрхийн үнэлгээ хийнэ.  Мөн жендэрийн үнэлгээг хийнэ.  Тиймээс  гишүүд энэ асуудалд идэвхтэй оролцохыг хүсье.

 

“ТҮР ХОРООНЫ ГИШҮҮД ПАРЛАМЕНТЫН НЭР ХҮНДИЙГ УНАГАЖ БОЛОХГҮЙ”

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-УИХ 2023 оны долдугаар сарын 6-ны өдөр Үндсэн хууль болон бусад хуульд  заасан эрх үүргийнхээ дагуу нүүрс тээвэрлэлттэй холбоотой нээлттэй сонсгол зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.  УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 2023 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр тус ажлын хэсэгт орох хүсэлтээ ирүүлсэн. Эдийн засгийн байнгын хороо  энэ асуудлыг хэлэлцээд түүний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг дэмжсэн байгаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Нүүрсний түр хорооны бүрэлдэхүүнд ямар учир шалтгаанаар ингэж ойр ойрхон өөрчлөлт оруулаад байна вэ.  Анх Г.Ганболд гишүүн ахалсан түр хороо байгуулагдаад дараа нь Х.Нямбаатар ахлах болсон.  Гэтэл удалгүй Б.Энхбаяр ахлахаар болж байна.  Ахлагч дарга нар нь хэд хэдэн удаа солигдчихлоо.  Нүүрстэй холбоотой асуудлыг шүүх асуудал энэ болгонд өчнөөн сараар хойшлогдоод байх юм.  Парламент шинээр батлагдсан хууль эрх зүйн хүрээнд нээлттэй сонсголыг үр дүнтэй хиймээр байна.

Нүүрсний хулгайн асуудал одоо ч яригдаж байгаа юм биш шүү дээ. 2012-2016 онд анх яригдаад хэд хэдэн хүн ял авч байсан.  Дахиад яригдаж байна.  Ялангуяа төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”-г анх байгуулагдсан цагаас нь үе үеийн захирлууд нь шоронд ордог.  Зарим нь гадаадад зугтаад гарчихсан.  УИХ-ын Тамгын газрын дарга асан Энэбиш гэдэг хүн байсан санагдаж байна. Гадагшаа гараад явчихсан.  Тэр хүнийг Шувуу ажиллагааны хүрээнд олж авчирсан уу үгүй юу.  Иймэрхүү байдлаар асуудалд үүсээд байх юм.   Ер ээлжилж засаг барьж байсан МАН, АН хоёр нүүрсний хулгайг бие бие рүүгээ чихээд байх юм байхгүй.  Парламентад 4-5 удаа улиран сонгогдож байгаа бид асуудлыг сайн мэднэ. 2020 оноос байгуулагдсан УИХ, Засгийн газрын үед авлига, хулгайтай холбоотой асуудлыг илрүүлэх, хариуцлага тооцох, 2024 оны сонгуулиас эхлээд төрийн эрх барьж байгаа дээд байгууллагад орох хүмүүс ашиг сонирхол, авлига, хулгай аливаа юманд оролцохооргүй байх хууль эрх зүйн шинэ зохицуулалтуудыг хийсэн ийм орчинд бид ажиллаж байна.  Тиймээс нүүрсний хулгайн асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх хэрэгтэй.  Түр хорооны гишүүд энэ асуудалд анхаармаар байна.   Яагаад гишүүд нь хуралдаа ирдэггүй юм.  Түр хорооны ахлагч нь нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдийн бойкотод орж байна гэжээ.  Ийм байж болохгүй.

УИХ-ын гишүүн,  Эдийн Засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг:

– Г.Ганболд гишүүний ахалж байсан түр хороо бол хилийн боомт дээр ачаа нэвтрүүлэхтэй холбоотой гарч байсан хүндрэлүүдийн шалтгааныг тогтоох гол зорилготой ийм түр хороо байсан.  Түр хороо ажлын тайлангаа тавиад түр хороог хаасан.  Дараа нь одоо ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын ахалж байгаа хянан шалгах түр хороо байгуулагдсан.  Энэ түр хороо бол нүүрс олборлож байгаа Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг шалгах ийм үндсэн зорилготой түр хороо юм.  Энэ хоёр хороо нь хоёулаа өөр өөр зорилготой байгуулагдсан юм. Ж.Бат-Эрдэнэ гишүүний энэ түр хороонд оруулж байгаа энэ асуудал бол Х.Нямбаатар сайд хотын дарга болж түр хороонд орон тоо гарсан учраас Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг түүний оронд оруулж ажиллуулахаар болж байгаа юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Түр хорооны бүрэлдэхүүнд орсон хүмүүс хуралдаа оролц.  Ашиг сонирхлын зөрчилтэй биш юм бол ард түмний хүсэн хүлээгээд байгаа энэ асуудлыг шийд.  Энэ асуудлаас хойш сууж, парламентын нэр хүндийг унагаж болохгүй.  Хойш суугаад байгаа, саад учруулаад байгаа гишүүдийг солих хэрэгтэй.  Нүүрсний сонсгол дээр парламент онцгойлон анхаарна.

 

“НОГООН АВТОБУСНЫ 400 ТЭРБУМ БОЛ ТӨМӨР ЗАМЫН ХУЛГАЙН ХАЖУУД ТАЛХНЫ ҮҮРМЭГ ШҮҮ”

 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Нүүрсний хулгай гээд өвлийн хүйтэнд ард иргэд маань Төв талбай дээрээ бараг нэг сар жагсаж байсан.  Асуудлыг зөв шударга шийдэхийг шаардсан.  УИХ,  Засгийн газар энэ асуудал анхаарч ажиллана гэж амалсан.  Энэ асуудалд Загасны ой санамжтай байгаа юм шиг л харагдаад байх юм.  Хянан шалгах түр хорооны ажил ямар түвшинд явж байгаа юм бол.  Өчигдөр Үйлдвэржилтийн байнгын хорооны хуралдаан дээр Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн ажлын аудитын дүгнэлт орж ирсэн.  Төрийн аудит энэ асуудал дээр маш сайн ажилласан.  950.7 тэрбум төгрөгөөр хийнэ гэж төсөвт өртөг батлуулчихаад гурван их наяд 653 тэрбум төгрөгөөр хийсэн. 3.8 дахин их үнээр  хийжээ. Үүнийг нь бодитой гаргаад ирсэн.  Энэ дүгнэлтээр бол хэн ч шоронд орно шүү дээ.  Хууль, эрх зүйн орчин тодорхойгүй байхад ЗХЖШ-ыг энэ ажилдаа татан оролцуулчихсан.  Баахан шууд худалдан авалт хийчихээд тэрийгээ улсын нууцад оруулчихсан.  Одоо ногоон автобусны дуулиан улс орон даяар өрнөж байна.  Ногоон автобусны 400 тэрбум бол энэ төмөр замын хулгайн хажууд талхны үүрмэг шүү.  Гэтэл хянан шалгах хорооны оруулж ирсэн энэ танилцуулга дээр төмөр замтай холбоотой нэг үг үсэг алга.  Тэгээд юун нь хянан шалгах гээд байгаа юм.  Үнэхээр хулгайг хянан шалгах гээд байгаа бол энэ төмөр замынхаа хулгайд бас анхаармаар байна.  Төрийн аудит нь хянаад гараад ирчихсэн байна.  Бүх зүйл нь хууль бус.  Тэгээд бид нар ганц компанийн хэдэн худалдан авалт шалгасан болоод л дуусах гээд байгаа юм уу.  Монголын бүх ард түмний хувьцаа эзэмшиж байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н үр ашгийг хүчээр төмөр замын хөрөнгө оруулалт руу хийчихсэн байна.  Хийгээд үнийг нь дөрөв нугалаад хулгай хийгээд идчихсэн.  Аудит тогтоосон.  Тэгээд хянан шалгах түр хорооных нь танилцуулга дээр нь энэ асуудал байхгүй.  Нүүрсний орлогоос орж ирсэн мөнгийг Төмөрзамын том төсөл рүү хийгээд улсын нууцад оруулж байгаад хулгай хийчихсэн энэ том хулгайг яагаад бид ярихгүй байгаа юм.  Хянан шалгах хороо үүнийг ярьмаар байна.  Ярих юм уу үгүй юм уу, Б.Энхбаяр сайд аа, Эдийн засгийн байнгын хорооны дарга аа.  Энэ төмөр зам дээр хийсэн аудитын дүгнэлтийг бид нэгдсэн чуулганаараа бас хэлэлцмээр байна аа.  УИХ-ын дарга аа.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Энэ асуудалд би хариулах дэг байхгүй.  Хянан шалгах түр хороогоороо ярилц.  Явдаг дэгээрээ явна.

Ийнхүү УИХ-ын гишүүн Г.Дамдинням УИХ-ын дарга Г.Занданшатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга  Ц.Цэрэнпунцаг,  Хянан шалгах хорооны дарга  Б.Энхбаяр нараас асуултынхаа хариултыг авахыг хүссэн ч УИХ-ын дарга Г.Занданшатар шууд алх цохин санал хураалт явуулав.

Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд гишүүдийн 65.2 хувь нь дэмжлээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нүүрсний сонсгол зохион байгуулах түр хороонд орж ажиллахаар болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here