Эхлэл онцлох “Хүч”-ийг нь Х.Баттулга авчихлаа, ард нь АН-д юу болох вэ?!

“Хүч”-ийг нь Х.Баттулга авчихлаа, ард нь АН-д юу болох вэ?!

 

Б.ГАРЬД

УИХ-ын сонгууль дөхсөн. Улс төр улам ивдэвхжив. Анхаарал татсан “улс төр”-үүдийн нэг нь яалт ч үгүй АН-д болж буй үйл явдал юм. Тус намынхан өнгөрсөн баасан гаригт Нийслэлийн АН-ын даргаа сонголоо. Энэ сонгуульд НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Т.Батцогт, Д.Бадарсан нар өрсөлдсөн. Тэд АН-д өнөөдөр хүчтэй байгаа гурван фракцаас “нэр дэвшсэн” юм. Нийслэлийн АН-ын шинэ дарга шууд тодорчихоогүй байна. Хоёр дахь санал хураалтаар тодорчээ. Эхний удаад хэн нь ч 50+1 хувийн санал аваагүй байна. Тиймээс хоёр дахь шатны санал хураалт явуулжээ. Ингэхдээ эхний санал хураалтаад хамгийн бага санал авсан М.Тулгатыг хасжээ. Өрсөлдөөн Д.Бадарсан, Т.Батцогт хоёрын дунд болсон байна. Ингээд Т.Батцогт нь 56.1 хувийн саналаар Нийслэлийн АН-ын дарга болов. М.Тулгат маргааш нь сонгуулийн талаар цахим хуудастаа бичжээ. Тэрбээр сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. “…Ялах боломж бол бүрэн байлаа. Эхнээсээ л төв намын ДСХ, ҮДХ, намын байгуулалтууд ЖАН-д алдагдаж, Нийслэлийн намын өмнөх дарга Д.Пүрэвдаваагийн баг хурлын бэлтгэл болон зохион байгуулалтуудыг хийсэн. Манай талаас үндсэндээ процессийн оролцоо, хяналт боломжгүй болсон. Намын хорооны нөхөн сонгууль гэж юм хийгээд 60 шинэ хүн оруулж ирсэн. Нэг хэсэг нь “Женко”-гийн, нэг хэсэг нь Лу.Гантөмөрийн хүмүүс. Ингэж намайг буланд шахаж, “Женко”-гийнхонтой алалцуулж байгаад дундаас нь Д.Бадарсангаа гаргая гэж Лу.Гантөмөр дарга тооцсон байх. Өчигдөр эхний санал хураалтаар би хасагдах болоход, цаг хугацаатай уралдах асуудал үүссэн. Учир нь миний багцаас өдөржин хуралдсан хүмүүс залхаад эхнээсээ “Явлаа шүү, хаашдаа энэ хоёрын хэн нь ч ялгаа алга” гэдэг юм болсон. Д.Бадарсан бас илтгэл, мэтгэлцээн зэрэг дээрээ үнэлгээ алдсан байсан. Т.Батцогт эхнийх дээр өндөр гарч, нэмээд аравхан хүн татахад л ялах нөхцөл байдал үүссэн. Хоёр дахь санал хураалтын цаг тулчихсан, миний багц задарч байгаа үед команд ажиллахад хэцүү. Ер нь аль руу нь ч хийлээ гэсэн асуудал хоёр талтай байсан. …Энэ сонгуулиар төв нам дэмждэггүй юмаа гэхэд шударга ажиллаж болох байсан. Хүмүүс эцсийн мөчид мурьсан. Үзэл санааны тал юм хойно дэмжинэ гээд гар барьж тэврээд салсан С.Эрдэнэ бүх хүнээ миний эсрэг өгүүлсэн. Ийм сонгууль боллоо” гэв. Түүний хэлснээр ийм л сонгууль боллоо.

Уг нь АН-ын дарга Лу.Гантөмөр нэлээд хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүдийн “Нэг Монгол”-той Д.Бадарсан дээр тохирсон гэдэг. Гэвч тэр нь хэрэгжсэнгүй. “Нэг Монгол” нь хулхидсан уу, Лу.Гантөмөр хуурсан уу. Ямартай ч УИХ-ын гишүүдийн талынхан энэ сонгуульд МоАХ, “Алтангадас” дээр хүч нэмсэн байна. Хэрвээ тэд байгаагүй бол Т.Батцогт Нийслэлийн АН-ын дарга болоход хэцүү, боломжгүй шахуу юм.

Энэ сонгуульд ялалт байгуулсан МоАХ-ныхон уржигдар “Баянгол” дээр баяраа тэмдэглэжээ. Н.Алтанхуяг очиж, С.Ганбаатар Ховдоос мэндчилгээ дэвшүүлээд сүрхий л “цайллага” болсон байна. Ингэхээс ч аргагүй биз. Гол нь Х.Баттулга буюу МоАХ, “Алтангадас”-ынхан АН-ын орон нутгийн удирдлагуудыг бараг 70 хувь, Нийслэлийн АН-ыг 100 хувь гартаа оруулчихлаа. Энэ намын хүч түүнд төвлөрчихөж байгаа юм.

АН дахь фракцуудын хүчний харьцаа, ерөнхий байдал иймэрхүү боллоо. Тэгэхээр цаашдаа юу болох вэ. Энэ их сонин.

Ерөнхийдөө Х.Баттулга ингээд ханагүй л боловуу. Нөгөө л “…С.Баярцогтыг огцруул” гэдэг шаардлагаа янз бүрийн хэлбэрээр тавьж эхэлнэ. Янз бүрийн хэлбэрээр шүү. Энэ баараггүй. Учир нь Нийслэлийн АН дээр ялалт байгуулсан нь энэ “улс төр”-өө хийх боломжийг улам ихээр олгож байгаа юм. Хэрвээ энэ удааширвал “…Лу.Гантөмөр ч бас огцорх ёстой” гэдэг асуудал тавьж таарна. Ер нь бол МоАХ, “Алтангадас” зүгээс ирж мэдэх эдгээр улс төр бол ил тодорхой л байна. Явж явж энэ бүхэн хүн бол С.Баярцогт биш Лу.Гантөмөр дээр хамгийн хүнд тусна. С.Баярцогтын “мэдэл”-д АН-ын Улс төрийн зөвлөлийн 22 гишүүн бий. Улс төрийн зөвлөл нь гишүүдийн тооны хувьд 20 гаруй боловч жингийн туухай дээр тавибал АН дахь хүчний 20 хувьтай тэнцэхээр хүчтэй байгууллага юм. Улс төрийн зөвлөлийн хүчээр С.Баярцогт нэг биш, нэлээд хэдэн “цохилт”-оос мултарч чадна. Харин Лу.Гантөмөрийн хувьд тун эвгүй болчихож байгаа юм. Түүнийг торгоох хүч баараг байхгүй. АН дахь хүчнээс “…Лу.Гантөмөрт байна” гээд хувиар тооцох ч боломжгүй. Одоо түүнд ганц л боломж байна. Тэр нь “Нэг Монгол”-ынхонтой өмнөх яриагаа үргэлжлүүлж, гол нь хэлсэндээ хүрэх нь чухал юм. Хэрвээ хэд хоногийн өмнө уулзсанаа хийсэн юм уу, тэр байр суурьтаа байсан бол “Нэг Монгол” саяын сонгуульд МоАХ-г дэмжихгүй л байсан болов уу. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдээс тусламж хүсвэл түүнд АН-ын даргын суудалдаа тогтож үлдэх боломж байгаа юм. Гэхдээ түүний хувьд оройтсон ч байж мэдэх юм. Нийслэлийн АН-ын даргын сонгуулийн маргаашаас л АН-ынхан хэсэг бүлгээрээ энд тэнд уулзалдаад эхэлжээ. АН-ын ҮБХ-ны гишүүд дунд ил юм уу, нууцаар юм уу, ямар ч байсан “…АН-ын онц их хурлыг хийе” гэдэг гарын үсэг зурагдаад эхэлсэн байна. Ер нь тэгээд АН-ын даргын суудал МоАХ, “Алтангадас”, бас “Нэг Монгол”-ынхон нь хэрхэхээс шалтгаалахаар болчихлоо л доо. Гэтэл сонгууль дөхөөд байдаг. АН бүтцээ бүрэн “зурж” чадаагүй л байдаг. “…Даргаа өөрчилбөл Дээд шүүх хугацаанд нь бүртгэж, албажуулж өгөх үү, үгүй юу” гэдэг том асуудал бас бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here