Эхлэл онцлох Н.Ууганбаяр уу, Р.Отгонжаргал уу, эсвэл…?

Н.Ууганбаяр уу, Р.Отгонжаргал уу, эсвэл…?

Б.ДАМДИН-ОЧИР

 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг 2023 оны аравдугаар сарын 18-ны Засгийн газрын хуралдаанаар албан тушаалаас нь чөлөөлсөн. Түүнийг “…Өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөв” хэмээн мэдээлсэн. Учир нь П.Сайнзориг Хотын даргын нэгдүгээр орлогчоор шилжин ажиллаж байгаа юм.

 

 

 

Харин түүний оронд хэн нэгнийг томилоогүй байна. Сар илүү болов. Тэгвэл Засгийн газрын тухай хуулийн 18.7-д “…Монгол Улсын яам Төрийн нарийн бичгийн даргатай байна. Төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратын гүйцэтгэх ажлыг зохион байгуулан удирдаж, сайд үйл ажиллагаагаа шуурхай явуулахад шууд туслах үндсэн чиг үүрэгтэй. Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ” гэж заасан. Товчдоо, Төрийн нарийн бичгийн дарга бол тухайн яамны “гал тогоо”-г барьдаг. Тэр тусмаа ХЗДХЯ бол Эрх зүйн шинэтгэлийн бодлого, Хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа, Эрх зүйн туслалцаа, Улсын хил хамгаалал, Цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага, хуульчдын олон нийтийн байгууллагатай харилцах, Төрөөс сүм хийдтэй харилцах, Иргэний харьяалал, цагаачлал, Энгийн зэргийн виз, Монгол Улсад орох, гарах, оршин суух гадаадын иргэний асуудал, Төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хяналт, Иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бүртгэл, Оюуны өмч, патент, зохиогчийн эрх, Архивын талаар төрөөс баримтлах бодлого, Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хариуцдаг. Тэр утгаараа энэ яам дээр Төрийн нарийн бичгийн даргын үүрэг, оролцоо өндөр байдаг.

 

 

 

Уг нь П.Сайнзоригийг чөлөөлсний дараа Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр уг албан тушаалд очихоор болсон тухай эх сурвалжууд мэдээлсэн. Бас Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалын нэр яригдаад эхэллээ. Ямартай ч ойрын үед энэ хоёр “нэр дэвшигч”-ийн нэг нь томилогдох бололтой. Гэхдээ хэн нэгэн “шинэ хүн” гэнэт гарч ирэхгүй бол шүү дээ. П.Сайнзориг яваад сар гаруй болсон. Оронд нь очих хүний нэр бараг шил дараад гарч ирсэн. Гэтэл тошмилсонгүй. Байж байгаад дахиад нэг хүний нэр дуулдлаа. Энэ нь“…ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд хэнийг тавих вэ” гэдгийг “томчууд” хөшигний ард ярьж байгаагийн илрэл юм. Эндээс “…Энэ албан тушаалд яагаад хүн томилолгүй дуншаад байна вэ”гэдэг асуулт гарч ирээд байгаа юм.

 

 

 

Ер нь бол Засгийн газрын тухай хуулийн 18.8-д “…Яамны Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Засгийн газар зургаан жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Хуулиар яамыг татан буулгасан нь яамны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно. Яамны Төрийн нарийн бичгийн даргыг улируулан томилж болно” гээд “…Яамны Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа хуулиар тогтоосон хугацаанаас өмнө дуусгавар болсон бол дараагийн томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа өмнөх Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацаатай адил байна” гэж тайлбарласан байгаа юм. Тэгэхээр шинээр очих Төрийн нарийн бичгийн дарга дор хаяж П.Сайнзоригийн бүрэн эрхийг дуусгах “бүрэн эрх”-тэй очихоор байна. Дор хаяж гэсний учир нь П.Сайнзориг 2022 оны нэгдүгээр сарын 19-нд энэ албанд томилогдсон. Гэхдээ тэрбээр Б.Баасандоржийн оронд очсон. Б.Баасандорж нь 2020 оны долдугаар сарын 22-нд томилогдож байсан. Шинэ Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа ингэж “…Дээс томж найзыгаа аваръя” гэдэг үлгэр шиг байдлаар тогтоогдоно. Өөрөөр хэлбэл, 2026 оны долдугаар сар хүртэл ажиллах эрхтэй гэсэн үг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here