Б.Гарьд
АН нэг үеэ бодвол цэгцрээд байгаа юм. Улс төрийн зөвлөлтэй, ҮБХ-той, нэг даргатай, нэлээн хэдэн дэд даргатай, Нийслэлийн АН-ын даргатай, аймаг дүүргийн АН-ын дарга нартай болсон. Гээд харахаар бас үгүй байна. Генсекээ томилж чаддаггүй. Энэ албан тушаалаас болоод намын дарга нь нуман тулгуурт орчихсон. Гурван том фракц нь дундаа хийж “нүдээд” Лу.Гантөмөр дарга хэцүүхэн л байх шиг байна. Нэгтэй нь гайгүй болохоор нөгөөх нь “…Унагана” гэж айлгана. “…Тохирчих” гэхээр мөргөлдсөн хүсэлтүүд тавина. Ингээд гацчихсан. Тэгсээр байтал АН-ын хүчний төв нь МоАХ, “Алтангадас” руу шилжиж дуусав. Тэгэх тусам түүн рүү ирэх дайралт ширүүсээд байгаа юм. Уг нь бараг сарын өмнө Лу.Гантөмөр УИХ-ын гишүүдийн “Нэг Монгол” фракцтай уулзсан. Генсекээр санал болгоод байгаа Э.Одбаярыг нь дэмжье гэж тохирчээ. Гэвч гишүүд түүнийг “…Амаа биелүүлсэнгүй” гээд Нийслэлийн АН-ын даргаар Т.Батцогтыг дэмжжээ. Гишүүдийг чигээр нь явуулах өөрт нь халтай. Тиймээс өнгөрсөн амралтын өдрүүдэд тэдэнтэй тохироо хийжээ. Өмнө ярьснаа хэрэгжүүлж, Э.Одбаярыг АН-ын геснсек болгохоор тохирсон байна. Үүнд мэдээж, Х.Баттулга дургүйцнэ. С.Баярцогт бүр ч эгдүүцнэ. Гэвч тэр ингэж өөр рүүгээ чиглэсэн “гал”-ыг намжаахаар шийдсэн бололтой. Ямартай ч энэ “шийдэл”-ийн дараа Лу.Гантөмөр зодооноос түр ч атугай холдож, Х.Баттулга, С.Баярцогт хоёр барьцалдаастай үлдэж байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин