Эхлэл УИХ Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн хүрээнд уран бүтээлчидтэй санал солилцлоо

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн хүрээнд уран бүтээлчидтэй санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.12.11) “Монголын дуу хөгжим бүтээгчдийн ассоциаци”-ийн төлөөлөл бүхий уран бүтээлчдийг хүлээн авч уулзан, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн хүрээнд санал солилцлоо. Уулзалтын эхэнд, “Монголын дуу хөгжим бүтээгчдийн ассоциаци”-ийн уран бүтээлчдийн зүгээс оюуны өмчтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах, зохиогчийн эрхийн тухай хуулийн хэрэгжилт болон оюуны өмчийг хэрэглээнд оруулах, үнэлэх, хянах нэгдсэн системийг нэвтрүүлэх талаар өөрсдийн саналыг уламжилсан юм.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсэгтэй хамтран хуулийн төслийн холбогдох заалтуудад тодорхой саналуудыг нэгтгэж ирүүлэхийг хүсээд, салбарын эрх зүйн орчныг сайжруулж, бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх зорилтын хүрээнд уриа, лоозонгийн шинжтэй бус тодорхой, бие даасан хуулийн зохицуулалт шаардлагатайг дурдлаа. Тэрбээр үргэлжлүүлэн, БНСУ-ын хувьд зөвхөн K-Pop урсгалаараа дамжуулан 12.5 тэрбум ам.долларын экспортын орлого төвлөрүүлдэг бөгөөд үндэсний язгуур өв, баялаг түүхтэй манай улсын хувьд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбараар дамжуулж эдийн засгийн өгөөж, хүртээмжийг нэмэгдүүлэх арвин их боломж бий гэдгийг тодотгов.

Дэлхий нийтээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих төрөл бүрийн бодлогыг санаачлан хэрэгжүүлж, цар тахлын дараа эдийн засгийг сэргээх, цаашид улс орны тогтвортой хөгжлийг хангах, олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хөгжүүлэх гол салбараар нэрлэж байна. Тухайлбал, ЮНЕСКО-гоос хийсэн судалгаанд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар 2.2 их наяд ам.долларыг бүрдүүлж, 30 гаруй сая ажлын байрыг бий болгон, экспортын нийт орлого нь 253 тэрбум ам.долларт хүрсэн тухай онцолсон байдаг хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here