Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдана гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээллээ.
2023 оны 12 дугаар сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр 19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар, 20-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -43…-48 градус, өдөртөө -31…-36 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -26…-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -12…-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -16…-21 градус, бусад нутгаар шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -20…-25 градус хүйтэн байх нь.