“Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, бусдад хамаагүй” гэсэн сонголтын талаарх хэлц үгийн үндэслэл нь Монголын эзэнт гүрний цэрэг дайчдын Баруун Европт хийсэн аян дайны үе XIII зуунд анх бий болсон. Зөвхөн Нар Сарны байгалийн гэрлийн эх үүсвэртэй тэртээ цагт Европчууд байгалийн бус гэрэл гаргах лаагаа гахайн өөхөөр хийдэг байж. Нефтьнээс тос шахаж гарган парафин лаа хийдэг арга хараахан гарч ирээгүй байсан үе.
Мах өөхөнд дуртай монгол цэргүүдэд Европчуудын хийсэн гахайн өөхөн лаа нь идэхэд шим тэжээлтэй бэлэн сайхан зууш болж байжээ. Лууван голдуу ногооны хольцтой, загас голдуу махан хоолтой Европчууд анхандаа тэднийг өөх идэж байгааг сайн ойлгож ухаараагүй бөгөөд тийм ч учраас лаа иддэг байлдан дагуулагч Монгол цэргүүдийн тухай аймшиг дагуулсан үлгэр домог зохиосон түүхтэй.
Дээр дурдсан зүйл нь хойшид яригдах сэдэвтэй, МАН-ын Үндсэн дүрмээр жилд нэг удаа болох намын Бага хуралтай холбогдуулж оршил болгосон хэсэг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл МАН-ын Бага хурлыг ямар хэлбэрээр зохион явуулах, ямар асуудал хэлэлцэх нь эрх баригч МАН-ын хувьд өөрсдөө мэдэж шийдэх эрхэлсэн ажил бөгөөд бусад улстөрийн хүчинд хамаарахгүй буюу лууван идэх, лаа идэхтэй зүйрлэгдэх сонголт юм.
Тус намын Үндсэн дүрэмд “Намын Бага хурлын ээлжит хуралдааныг жилд нэгээс доошгүй удаа зарлан хуралдуулна” гэж заасан. Энэ 2023 ондоо багтаж, арванхоёрдугаар 31-ний шөнийн 24 цагаас өмнө ойрын 26, 27, 28, 29, 30, 31-ний өдрүүдийн аль нэгэнд МАН-ын Бага хурлын ээлжит хуралдаан болно гэсэн үг. Өнгөрсөн оных 2022 оны арванхоёрдугаар сарын 30-нд цахимаар болсон. Бүр урагш нь хөөвөл өмнөх онуудын Бага хурал нь танхимд хүрэлцэн ирсэн Бага хурлын гишүүдийн ирцтэйгээр болж байжээ. Тиймээс энэ удаагийн Бага хурлыг зохион байгуулах хэлбэр нь биечлэн ирсэн Гишүүдийн хуралдаан байх уу, эсвэл өнгөрсөн оных шиг Цахим байх уу гэсэн “лаа, лууван”-гийн хоёр сонголт байна. Өнгөрсөн оны Бага хурлын Цахим хуралдаанаар зарим томилгоо хийсэн.
__Орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар нарыг
__Сургалт судалгаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан хатагтай А.Ариунзаяа, Гадаад харилцаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Батнайрамдал нарыг тус тус сонгон баталсан.
Ташрамд тэмдэглэхэд, Үндсэн дүрэмд зааснаар МАН-ын Бага хурал нь 369 гишүүнтэй, МАН-ын Төлөөллийн төв байгууллага. Ирэх 2024 оны зургадугаар сард болох тойргийн 78 мандат, жагсаалтын 48 мандат бүхий УИХ-ын ээлжит сонгуульд оролцох Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах, дээр нь бас 126 улстөрчийг нэр дэвшүүлэх эрх эдэлнэ.
Тус намын Үндсэн дүрэмд “Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” заасан.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь Үндсэн дүрмээ зөрчиж МУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сайдын ажил, албан тушаалыг 2022, 2023 он дамнуулан эрхэлж байна. Удахгүй болох Бага хурлаар түүнийг ХЭГ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажиллуулах, эсвэл ХЭГ-ын дарга, сайдаар нь үлдээж намын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг нь авч өөр улстөрчид өгөх гэсэн улстөрийн шийдвэр гаргах “лаа, лууван”-гийн хоёр сонголт байна.
Эрх баригч МАН-ын Бага хурлын энэ удаагийн ээлжит хуралдаан холын зайнаас Цахимаар болсон ч, гишүүдийн ойрын зайны нүүр тулсан Танхимд болсон ч ялгаагүй Үндсэн дүрмийн зөрчлөө арилгаж өөр ажил, албан тушаал эрхлээгүй намын Ерөнхий нарийн бичгийн даргатай болох шийдвэр гаргах нь ёстой маргааш Нар зүүн талаас мандана гэдэг шиг тодорхой байгаа.
Бага хурлын нийт 369 гишүүн нь, Д.Амарбаясгалангийн Засгийн газрын ХЭГ-ын дарга, намын Ерөнхий нарийн бичгийн дарга-ын давхар дээлийн алиныг тайлж дан болгох вэ, өөрөөр хэлбэл Засгийн газрын гал тогоо баригчаар үлдээх үү, МАН-ын гал тогоо баригчаар үлдээх үү гэдэг “лаа, лууван”-гийн хоёр хувилбараас нэгийг нь сонгох шийдлийн өмнө ирлээ.