Эхлэл СОНГУУЛЬ-2024 МАН-ын “ах нар” тойрогт “томилогдож”, АН-ынх жагсаалт руу зүтгэнэ

МАН-ын “ах нар” тойрогт “томилогдож”, АН-ынх жагсаалт руу зүтгэнэ

 

Сонгуулийн “тоглоомын дүрэм” 2023 оны сүүлчээр эцэслэн тодорхой болсон. Тэр даруйд улстөрчид зэргэлдээ аймгийнхандаа анхаарал тавьж эхэлсэн. Эвгүй ч шиг, инээдтэй ч шиг л харагдсан. Гээд яах билээ, нэр дэвшиж очоод санал гуйхаас хойш эртхэн “нүхээ малтаж” байсны буруу үгүй биз. Өөрөөр хэлбэл, сонгууль албан бусаар эхэлчихсэн. Тэр нь өнөөдрөөс албан ёсоор идэвхжинэ.

Уг нь Үндсэн хууль болоод бусад хуулиудад сонгуулийн үр дүн, агуулгыг томруулсан, реформын шинжтэй олон  өөрчлөлт орсон. Гэхдээ зарим талаар “…Хууль өөрчлөгдөөд ингэв үү” гэж эргэлзээ төрүүлсэн зарим нэг асуудал гарна. Тухайлбал, “…Том тойрогтой болсноор намууд, нийгмийн сегментүүд олноороо УИХ-д орж ирнэ” гээд байгаа юм. Гэтэл сүүлийн үеийн элдэв судалгаа, олон нийтийн хандлагаас харвал том, жижиг бүхий л намын нэр хүнд санал татахааргүй байна. Нэлээд нь нэр дэвшигчиддээ нэрмээс болохоор байгаа нь нууц биш болсон.

Тэгэхээр намууд тойрогт явуулах хийгээд жагсаалтад оруулах хүмүүстээ шүүлтүүртэй хандах шаардлага үүсэж байгаа юм. Ямар ч байсан том намуудын тойрог, жагсаалтын ерөнхий хана гарсан бололтой байна. МАН-ын хувьд хуучин улстөрчдөө тойрогт илгээх төлөвтэй. Өнгөрсөн зун Тэрэлжид “хуралдах” үеэрээ намын дарга нь тэгж хэлжээ. Тэгээд зогсохгүй “…Судалгаа харна” гэсэн байгаа юм. Тэгэхээр улс төрд удсан гишүүдэд нь жагсаалт байтугай тойрог ч тийм амар олдохгүй бололтой. Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцэх үед Сү.Батболд “…Би ирэх сонгуулиар жагсаалтад орохгүй, тойрогт өрсөлдөнө” гэж мэдэгдсэн нь үүний нотолгоо болно. Нэг үгээр хэлбэл, МАН-ын “ах нар” тойрогт “томилогдох” яриатай байгаа юм. Харин тус намын удирдлагууд жагсаалтыг өөр зорилгоор “ашиглах” сурагтай байна. Намынх нь нэр хүнд сайнгүй байгаа учраас жагсаалтыг нэр цэвэр, боловсролтой, нийгмийн сегментүүдийг төлөөлөх шинэ залуусаар бүрдүүлэхээр ярьж буй аж. Энэ талаар МАН-ын генсек Д.Амарбаясгалан “…Жагсаалт бол дарга, сайд нарыг парламентад оруулдаг хэрэгсэл биш. Харин нийгмийн бүлгийн төлөөллийг бүрэн оруулах зорилготой байдаг. Тэгвэл бид хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид, эмч, багш, сэхээтний төлөөллийг жагсаалтад бичиж өрсөлдөөн багатайгаар парламентад оруулах боломжийг бий болгоно” гэсэн. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ч өнгөрсөн хавар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх үеэр “…2024 оны сонгуульд жагсаалтаар нэр дэвшигчдийг оруулахдаа хулгай хийсэн, худлаа ярьсан хүнийг оруулахгүй байхыг эрх баригч намын даргын хувьд зөвшөөрч байна. Хэрэв АН зөвшөөрвөл ХҮН-тай гурвалсан санамж бичиг зурахад бэлэн байна” гэж байсан. Харин АН-ын дарга Лу.Гантөмөр “…Тэгье. Дээрх саналыг дэмжинэ” гэж хэлэхгүй байна. Тэрбээр олон нийтэд мэдээлэхдээ “…Жагсаалтад багтах хүмүүсийг сонгохдоо намын даргын үзэмжээр бус АН-ын нийт гишүүний санал, олон түмний дэмжлэгийг хамгийн өндөр авсан хүмүүсийг оруулна” гэсэн юм. Мөн хэвлэлд “…Үүнийг мэдээж намын Улс төрийн зөвлөл, ҮБХ хамтын удирдлагын хүрээнд шийднэ. Миний байр суурь бол намын гишүүдэд, олон нийтэд, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн залуу, эрч хүчтэй хүмүүсийг гаргаж ирнэ. Ямар нэгэн байдлаар бохир асуудалд хутгалдаагүй “цэвэр улстөрч” гэж нэрлэгддэг хэсгээс оруулж ирэх ёстой. АН-ын үзэл баримтлал, үзэл санааг дээдэлж , парламент дээр хамгаалж, тэр бодлогыг хэрэгжүүлж чадах хүмүүсийг гаргаж ирнэ” гэсэн байдаг. Гэхдээ өнөөдрийн байдлаар АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүдээс эхлээд “ах нар” нь жагсаалтыг онилчихсон. Бэлтгэлээ ч базаагаад эхэлсэн байна лээ. Угаасаа амьдрал дээр аль аль намын дарга нар яриад байгаагаа хэрэгжүүлэх хэцүү дээ. Нөгөөх “муу нэрт ах нар” нь дарга нараа шахсаар байгаад жагсаалт руу ороод ирж мэдэх л юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here