Эхлэл Архив Цэцийн дээр уянгын халилын Мөнх хөх тэнгэр бус зөвхөн Үндсэн хууль байдаг

Цэцийн дээр уянгын халилын Мөнх хөх тэнгэр бус зөвхөн Үндсэн хууль байдаг

Монголчууд буруу ярьж зөв ойлгодог гэсэн цэц үг байдаг. Ардын юм авторгүй байдаг болохоор үүний зохиогч хэн бэ гэж хайж олох оролдлого нь бүтэшгүй зүйл. Энэ цэц үг нь монголчууд биднийг буруу ярьж болно, утгыг нь зөвөөр ойлгож байвал хамаагүй гэсэн зөвшөөрсөн ойлголт биш. Харин ч эсрэгээрээ зөв ярих, зөв ойлгох хоёр нь логик багтаамжаараа яг 100 хувь мөргөж байх ёстойг анхааруулсан сургаал.Бид хууль хэрэгжүүлнэ гэж их ярьдаг. Гэтэл Үндсэн хуульд хэрэгжүүлнэ гэсэн үг нэг ч байхгүй. Хууль биелүүлнэ гэж байгаа. Бид Цэцийн дээр зөвхөн Мөнх хөх тэнгэр бий гэж их ярьдаг. Гэхдээ Үндсэн хуулийн Цэцийн дээр зөвхөн Үндсэн хууль бий гэж зөвөөр ойлгодог.Уянгын халилын томьёоллоор Мөнх тэнгэрийн хүчин дор үйл ажиллагаагаа явуулдаг Цэцийн бие бүрэлдэхүүний 9 гишүүний 3-ынх нь, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, хатагтай Ш.Солонго нарын ажлын “цаг” өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт 2024.05.24-нд дуусчээ. Өөрөөр хэлбэл холбогдох хуульд заасан Цэцийн гишүүний ажиллах бүрэн эрхийн 6 жилийн хугацаа энэ он, сар, өдрөөр тасалбар болсон байна. Гэхдээ ажлын “цаг” нь дууссан гурван гишүүн өрөөнийхөө түлхүүрийг үүдэнд жижүүрт хүлээлгэж өгөөд папка сугавчлаад автобусанд суугаад харьж одно гэсэн үг биш. Ажлыг нь хүлээж авах орны гишүүд нь тодроогүй байгаа учраас Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, хатагтай Ш.Солонго нар цаашид тодорхойгүй хэсэг хугацаанд Үндсэн хуулийн Цэцийн гишүүний албыг үргэлжлүүлэн хашсаар байх болно.МУ-ын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд зааснаар Цэцийн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилдог. Зургаан жилийн ажлын “цаг” дууссан Б.Буяндэлгэр, Г.Туулхүү нар нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн санал болгосноор, хатагтай Ш.Солонго нь Г.Занданшатар даргатай УИХ-ын санал болгосноор 2018.05.24-нд Цэцийн гишүүнээр томилогдсон.Цэцийн эдгээр гурван гишүүний халааг авах дараагийн Цэцийн хоёр гишүүнд нэр дэвшүүлж УИХ-д санал болгох эрх нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид, Цэцийн нэг гишүүнд нэр дэвшүүлж УИХ-д санал болгох эрх нь УИХ-д өөрт нь хадгалагдаж байна.МУ-ын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Цэцийн гишүүний бүрэн эрх нь УИХ-аас дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болно” гэж заасан. Тиймээс Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, хатагтай Ш.Солонго нар ажлын “цаг” нь дууссан ч холбогдох хууль биелүүлж ажлаа хийж байна. Одоо цаг дор дээр нь зөвхөн Үндсэн хууль байдаг Цэцийн гишүүдийг танилцуулъя.

__Г.Баясгалан, хатагтай Ш.Солонго, хатагтай Л.Өлзийсайхан нар. Г.Занданшатар даргатай УИХ-ын саналаар УИХ-аас томилогдсон.__Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нар (Ерөнхийлөгч Х.Баттулгын саналаар), хатагтай Э.Энхтуяа – Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналаар УИХ-аас томилогдсон.__Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан нар – Улсын дээд шүүхийн саналаар УИХ-аас томилогдсон.Зураг: УИХ-аас томилогдсон Цэцийн отгон гишүүд. О.Мөнхсайхан, хатагтай Л.Өлзийсайхан, хатагтай Э.Энхтуяа нар УИХ-ын дарга Г.Занданшатараас үнэмлэхээ гардаж авч байна. 2023.11.17-ны өдөр.

Эх сурвалж: aguulga.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here