Эхлэл онцлох У.ОТГОНБАЯР ДҮҮГИЙН ТУХАЙ ОНЦЛОХ АРВАН НЭГЭН ЭШЛЭЛ

У.ОТГОНБАЯР ДҮҮГИЙН ТУХАЙ ОНЦЛОХ АРВАН НЭГЭН ЭШЛЭЛ

Ирэх сарын сүүлчээр барианд орох их хурлын ээлжит сонгуулийн сунгаанд уралдах эрхэм хүмүүсийн нэр эхнээсээ дуулдаж эхэллээ. Өнөөдрийн гурван аймаг Дорнод, Сүхбаатар, Хэнтийн 285,3 мянган километр хавтгай дөрвөлжин нутгийг эзэгнэхэн амьдрах хоёр зуу гаруй мянган хүний хөгжил хүмүүжил, хөдөлмөр тэмцэл, ажил төрөл, ахуй нөхцлийг шийдэхэд шийдвэрлэх үүрэг бүхий төрийн төлөөллийн долоон элчийг сонгох сонгуулийн дуулиан шуугиан гараандаа гарлаа. Одоогоор манай зүүн бүсэд нэг эвсэл, гурван нам, бие даагчаас нийтдээ 27 хүний нэр дуулдаж байгаа ч хөдөөгийн малчны бууцанд эхээс унаж, уурхайн хонхорт хүүхэд насаа үдсэн, үлдэх насаа аймгийн төвдөө өнгөрөөж суугаа ахмад багш миний хувьд таньдаг байсан, таньдаг болж байгаа нэр дэвшигчээ тоолоход ганц гарын таван хуруу гарцаагүй хүрэх бололтой. Тэдний нэгний тухай олны санаанд нийцэх эсэхийг онцолж ялгалгүй онцлог хэдэн эшлэлийг сэтгүүлч Х.Доржпаламын хөтөлдөг “100 асуулт, хариулт” нэвтрүүлэг болоод цахимын мэдээллээс будаа гурил хольж идэн буцаалтгүй илгээсүгэй. Энэ хүмүүн бол өссөн өндийсөн нутаг нугын минь хүн зоны төлөөлөл болж ажиллахаар хүлгийн зоонд мордож байгаа Ухнаагийн Отгонбаяр юм.

1. Аав нь Сүхбаатар аймгийн алдартан гавьяатаар алдартай Халзан сум, ээж нь Говь-Алтай аймгийн харьяат. У.Отгонбаяр таван хүүхэдтэй айлын отгон, дээдэх ахаасаа 7, ерөнхийлөгч ахаасаа 10, эгчээсээ 20, том ахаасаа 23 дүү. Хүүхэд байхдаа айл гэр болоод алсарсан ах эгч нартаа эрхэлж амжаагүй, аав ээжээ асардаг сайн хүү байсан, одоо харин эрхлэх гээд байдаг болсон. Долоо наймдугаар ангид байхдаа шилтэй ундаа, биеийн тамирын солонгос хослол зарж мөнгөний амтыг мэдэрсэн удаатай.

2. Нийслэл хотын Д.Сүхбаатарын нэрэмжит ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийг төгссөн. Монгол улсын их сургуулийг улс төр судлаач, нийгмийн ухаан багш мэргэжлээр дүүргэсэн. Австрали улсад бизнес судлалаар магистр хамгаалсан.

3. Төрийн ажлын гараагаа буянгийн Б.Жаргалсайхан сайд нь байсан Үйлдвэр худалдааны яаманд эхэлж, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаар үргэлжлүүлэн, Барилга хот байгуулалтын яаманд газрын даргаар ажиллаж дуусгасан.

4. Сүүлийн жилүүдэд Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн даргын албыг нэр төртэй нэгтгэж зангидаж ажилласан. Арван гурван сумын нутгийн зөвлөлийн дарга, арван гурван сум хариуцсан дэд дарга, нэг тэргүүн дэд даргатай хамтран эв нэгдэлтэй, эрч хүчтэй ажилладаг аж.

5. Дөрвөн охин, нэг эхнэр бүхий таван бүсгүйтэй амьдардаг. Хамгийн том охин Москвад, дараах охин монголдоо их сургуульд сурдаг. Отгон охин арван настай. Эхнэр Д.Эрдэнэтуяа Хууль зүйн яаманд ажиллаж байсан, эрх зүйч мэргэжилтэй.

6. Өөрийн талаас удам үгүй ч хадмын талаас бөхийн удамтай. Түүний эхнэр Увс аймгийн Ховд сумын харьяат монгол улсын начин, физикийн шинжлэх ухааны доктор /Ph.D/ Г.Даваасамбуугийн охин. Г.Даваасамбуугийн аав Ж.Гэлэг улсын начин, дүү Г.Намсрайжав улсын харцага, ач дүү Н.Батсуурь улсын даян аварга гээд явна. Өөрөө сагс, волейболд хөлсөө гаргаж фитнесээр хичээллэнэ. Хамт явах хань бараа олдсон олдоогүй хол ойрын өндөр уулын орой руу зүтгэх хоббитой.

7. У.Отгонбаярын хоёр дахь охин 19 настай О.Хүслэн улсын шигшээ багийн тамирчин. Жүдо бөхийн -78 килограммын жинд Ази тивийн аваргын хүрэл медальтай. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа оролцоод байгаа. Хоёрхон хоногийн өмнө Аби Даби хотноо өндөрлөсөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглон эхний тойрогт Габоны бөхийг ялан хоёрдугаар тойрогт өмнөд солонгосын бүсгүйд унасан.

8. Хоол хийхдээ хүн амьтанд гологдоод байхгүй. Өөрийгөө хөгжүүлэх цаг зав гаргана. Амьдралд илүү бодитой хандахыг эрхэмлэнэ. Хүний өмнөөс ичих хэцүү гэж бодно. Хүн нэр төрөө зөвхөн өөрөө бүтээнэ гэж үзнэ. Төрийн тэргүүн ахынхаа нэр төрд төвөг чирэгдэл удахгүйг ойлгоно. Элэг бүтэн гэр бүлийг төгс жаргал гэж ухаарна. Гэр бүл үр хүүхэд, өвөг дээдэс, удам судар, унаган нутгаа эрхэмлэх нандин зүйлд тооцно. Хамгийн зөв сонголтоо ханиа гэж хэлнэ. Амьдралд амжилттай яваагаа ар талдаа зогсох асаалттай танк шиг найз нөхөд, хамт олноо хэмээнэ. За гэвэл ёогүй байхсан, хэлсэн үгэндээ эзэн байх зарчмыг барина.

9. Аймгийнхаа 80 жилийн ойгоор Баруун-Уртын Дөрвөлж толгой дээр сүндэрлүүлсэн Говь-Алтай аймгийн Цээл сумаас олсон цагаан гантигаар мөн Халзан сумын уран барималч Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Энхтайваны урласан 12.5 метр өндөр бурхан багшийн хөшөөтэй цогцолбор байгуулснаа бахархах дуртай. Бурхан бүтээхээсээ илүүтэй түүнийг шүншиглэж аравнайлах хамгийн чухал хэмээн айлдсан монгол багш лхаарамба Д.Жавзандоржийн заавраар монгол нутгийн бүх уул ус, ургамал ногооны дээжийг дээжилсэн удаатай.

10. Монголын мал аж ахуйн салбарыг шинэчлэх шаардлагатай, малчид маань санхүү зээлийн орц гарцгүй онцгой түгжигдмэл тойрогт орчихжээ. Өглөөний гэгээнээс үдшийн бүрэнхий болтол амс хийх завгүй арван хуруугаа сарвайтал ажиллаж хөдөлмөрлөх монгол малчин бүр бизнес эрхлэгч болох ёстой гэж бодлого тодорхойлно.

11. Эх орон монголын эрхэм хоёр ерөнхий сайдыг төрүүлсэн Халзан сумын гаралтай, эгэл жирийн жолооч Жамъянгийн Ухнаа аавтай, энэ цагийн төрийн тэргүүн ахтай, ард монголчуудынхаа дунд азтай хийморьтой алхаж яваа хүү У.Отгонбаяртай гурван жилийн өмнө нутгийн шинэ жилийн “Гангар хун” цэнгүүн дээр анх удаа гар барьж уулзсанаа санан энэхүү арван нэгэн эшлэлийг авчирч ард олондоо өргөн барилаа. Гадаад өнгөөр биш, гадны нөлөөгөөр биш, дотоод сэтгэлээр, дотно бодлоор, намын үзлээр биш, нутгийн үндсээр тунгаан шүүгээрэй.

2024-05-26. 06.00 цагт. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Д.СЭНГЭДОРЖ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here