Бид “…Асар уудам газар нутагтай, цөөхөн хүнтэй” гэх тодорхойлолттой улс. Гэсэн атлаа хүн амын талаас илүү нь улсынхаа нийслэлд, газар нутгийнхаа 0.3 хувьд чихэлдэн амьдардаг. Нийслэл рүү чиглэсэн цуваа улам нэмэгдсээр ирсэн. Үүнийг дагасан олон сөрөг үр дагавар бий болж хуримтлагдсан. Яажшуухан амьдарч байгаагаа бид бүгдээрээ мэднэ дээ. Улаанбаатарт утаа, түгжрэл, аймаг сумдад эзгүйрэл, хоцрогдол нүүрлэсэн. Ингээд удчихсан. Эцэст нь, энэ байдлаараа цаашид явах бололцоо муудсан. Хөгжлийн тухай ярих ч аргагүй болсон. Тиймээс бүсчилсэн хөгжлийн талаар ярихаас аргагүй болсон хэрэг.
Яг үнэндээ Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд бүсчилсэн том тойргийн тогтолцоо орж ирсэн нь шууд утгаараа үүнтэй л холбоотой. Агуулга, зорилго нь ийм энгийн.
Баруун, төв, зүүн, говь, хойд бүсүүдэд хуваагдсан тойргийн систем энэ сонгуулиас хэрэгжиж эхэллээ. Бүсчилсэн том тойрог 32 жилийн туршид найман удаагийн сонгуулиар жижиг тойрогт улс төр хийж ялж, ялагдаж ирсэн улстөрчдөд амаргүй л байх шиг байна. Гэвч “…Энэ бол улсын хөгжилтэй шууд холбоотой хуваарилалт учраас цаашид аймаг сумын хэмжээнд бус бүсийн хэмжээнд ярьдаг, хийдэг хүмүүс УИХ руу зүтгэх хэрэгтэй” гэсэн логик энд явж байгаа юм. Зөв л дөө.
Ер нь бол 2024 онд сонгуулийн энэ тогтолцоо бий болж, бүсчилсэн хөгжлийн асуудал яригдах нь 2020 оны сонгуулиас өмнө яригдаж байсан. Түүх нь түүнээс өмнөхөөр ч хэмжигдэнэ. Ажил хэрэг болоогүй ч олон жилийн өмнөөс том том бодлогын баримт бичгийг гаргаж ирсэн түүхтэй. Харин төрийн зүгээс олон нийтэд илүү тодорхой, ил тод ярьсан нь 2019 оноос эхтэй. Тэр жилийн зун Монгол Улсыг бүхэлд нь нэг том тойрог болгох сонгуулийн системийг Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг гарчихсан ажиллаж байв. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа тэр ажлын хэсэгт байсан. Тэгэхэд тэрээр “…Улс орон яавал хөгжих вэ гэдэг чухал. Хувь гишүүдийн тоглолт байхгүй болно. Жижиг тойрог дээр мөнгөөр сонгогддог, хуралдаандаа ирдэггүй гишүүд сонгогдох боломжгүй болно. Сонгуулийг томсгосон тойргоор явуулснаар улсын хэмжээний томоохон хөтөлбөр хэрэгжинэ. Өнгөрсөн хугацаанд гацаж байсан томоохон бодлого хэрэгжиж, бодлогын гажуудал засагдана” гэж байлаа.
2020 оны сонгууль ч өнгөрсөн. Энэ асуудал намдсан. Хоёр жилийн дараа дахин босож ирсэн. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод удалгүй бүсчилсэн хөгжлийн талаарх хуулийн төслүүд, бодлогын баримт бичгүүдийг УИХ-д өргөн барьж, улмаар батлагдсан. Өнгөрсөн хавар “Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулганыг зохион байгуулж байв. Тэр чуулган дээр энэ бодлого их тодорхой яригдсан байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “…Тэртээ 33 жилийн өмнө ЗХУ задарч, социалист систем нурахад энэхүү системд багтаж байсан улс орнууд өөрийн хөгжлийн зам, үнэт зүйлээ сонгосон. Монгол Улс ч шинэ Үндсэн хуулиа баталж, парламентын ардчилсан засаглалыг сонгосон. Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа өнгөрсөн 30 жилийн үйл явцад бодитой дүгнэлт өгөхийг эрмэлзэж, алдаа оноог тунгааж, ирээдүйн 30 жилийг зөв тодорхойлох нийгмийн хүсэмжлэлд зөв хариу үйлдэл үзүүлж, тогтолцооны суурь реформуудыг цаг алдалгүй хийхэд анхаарлаа. Өнгөрсөн 30 жилд УИХ, Засгийн газраас 560 гаруй хөгжлийн бодлогын баримт бичиг баталж, 2001 онд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дэвшүүлсэн ч сонгуулиас сонгуулийн хооронд хаягдал цаас болж байсны шалтгаан нь тойргийн эрх ашигт уягдсан парламентын сонгуулийн тогтолцоо юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд анх удаа парламентын сонгуулийг холимог тогтолцоо, бүсчилсэн тойргоор явуулснаар тойрогт шүтсэн төсвийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг цэгцэлж, улсын хөгжлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой зорилгодоо төвлөрч, тогтвортой хэрэгжүүлэх боломж бүрдэж, бүсчилсэн хөгжлийн бодлого бодитоор хэрэгжих болно. Өнгөрсөн 30 жилд стратегийн ач холбогдолтой цөөнгүй мега төсөл эхлүүлсэн ч шав тавиад гацсан нь олон. Газрын тос боловсруулах үйлдвэр, Аж үйлдвэрийн парк, Арьс шир боловсруулах үйлдвэр, ДЦС IV-ын өргөтгөл, Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг улс орны хөгжилд шаардлагатай төслүүд яригдсаар өнөөдрийг хүрлээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг сонгогдсон тойрогтоо ахиу тавиулахын төлөө лобби, бие биеэ шантаажилсан улс төр, сонгууль дамжсан амлалтын төлөөсөнд улсын төсөв замхарч, олон улсын хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийнхний алдагдсан боломжийг мартах ёсгүй. Энэ удаагийн Эдийн засгийн форум нь жалга довны сэтгэлгээний хана хэрмийг нурааж, бүсчилсэн хөгжлийн реформын шинэ сэтгэлгээг эхлүүлэх зорилготой” гэсэн.
Форумаар бүсүүдийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж хэлэлцсэн. Тэгэхэд жишээ нь зүүн бүсийг “…Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болж эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, тэнцвэрт хөгжлийг хангах тухай ярилцмаар байна. Хүн ам 229 мянга, ДНБ хоёр их наяд 444 тэрбум төгрөг. Зүүн бүсэд нийт адууны 23, үхрийн 18 хувь бий. Нийт үр тарианы 8.9 хувийг бүрдүүлдэг. Энэ бүс нь газарзүйн байршлын давуу талаа ашиглан олон улсын түвшинд Зүүнхойд Азийн эдийн засгийн интеграцид нэгдэхэд “Монгол-Орос-Хятад”-ын эдийн засгийн коридор байгуулахад гол нутаг болох боломжтой” гэж тодорхойлж байв.
Тэгвэл Ерөнхий сайд яг энэ Бүс нутгийн хөгжил хариуцсан зөвлөхөөрөө У.Отгонбаярыг томилсон байдаг. Энэ санаандгүй томилгоо биш. У.Отгонбаярын тухайд Үйлдвэр худалдааны яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Барилга хот байгуулалтын яаманд газрын даргаар ажиллаж байсан туршлагатай. Тэрээр энэ талаар “…Бүсчилсэн хөгжил цоо шинэ зүйл биш. Түүхийг нь яривал, 1937 оны үед эдийн засгийн бүсчлэл хийж байсан юм билээ. Тэр үеэс л бүсчилсэн хөгжлийг ярьж, тойргийг зурж байсан. “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” хэмээх том бодлогын баримт бичиг 2001 онд УИХ-ын 57 дугаар тогтоолоор батлагдаж байсан. Товчхондоо, бүсчилсэн хөгжлийн гол зорилго нь хот, хөдөөгийн л ялгааг арилгах юм. Гэвч өнөөдөр хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа бол өдөр, шөнө шиг л болсон шүү дээ. Улаанбаатар хотод хүн амынх нь 50 хувь амьдарч байна. Их, дээд сургуулиудын 96 хувь нь Улаанбаатар хотод байна. Хөдөөгийн нүүдэл Улаанбаатар руу явж байгаа нь буруу биш. Чанартай боловсрол, чанартай эмчилгээ, ашигтай бизнес, хувь хүний хөгжил хотод л төвлөрчихлөө. Энэ хот, хөдөөгийн ялгааг арилгахын тулд л бүсчилсэн байдлаар хөгжье гэж байгаа юм. Зургаан бүс нутагт хувааж үзэхэд, хамгийн хурдан хөгжих нь зүүн бүс нутаг болж байна. Зүүн бүсийн нутаг Хятад, Орос гэсэн хүчирхэг хоёр хөрштэй хилээр холбогддог. Мөн Эрээнцав-Чойбалсан гэх төмөр зам, өөрийн гэсэн цахилгаан станцтай. Сүхбаатар аймаг руу ороход Бичигтийн боомт бий. Үүнээс цааш 866 км яваад, далайн том Жин жоу боомт байдаг. Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын маршрут болгох боломжтой. Саяхан зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын бүс нутгаар зарлачихлаа. Дорнод аймаг гэхэд Халх гол, Мэнэнгийн тал, Буйр нуур, төрийн тахилгат Алтан дарь овоо, Шилийн богд, Ганга нуур, Талын агуй гэх мэт түүхэн газруудыг аялал жуулчлалын маршрут болгоно. Үүнийг дагасан дэд бүтэц аандаа хөгжинө. Газар зүйн хувьд ч нэн тааламжтай бүс нутаг юм. Судлаач хүний хувьд харахад, эхний ээлжид 1-2 томоохон төслийг хөдөлгөх ёстой. Үүний нэг нь босоо тэнхлэгийн төмөр зам. Одоо байгаа Эрээнцав-Чойбалсан төмөр замыг Бичигт, Хөөттэй холбож чадвал зүүн бүс нутаг Хятад, Монгол, Орос гэсэн гурван улсыг дамнасан эдийн засгийн том коридор бий болох боломжтой. Ази Европыг холбосон ачаа барааны эргэлт манай бүс нутаг дээгүүр явах боломжтой” гэж байна.
Мөн тэрээр “Бүсчилсэн хөгжил-Шинэ хоршоо”-ны талаар “…Цаашдаа мал аж ахуйн салбарыг шинэчлэх зайлшгүй шаардлага байна. Жил бүр зуд турхан болно. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд судалгаа хийж үзсэн. Нэг малчин өрх сард дунджаар 2.1 сая төгрөг зарцуулдаг. Гэтэл мал аж ахуйн салбараасаа олж байгаа орлого нь 1.5 сая төгрөг. Ингэж алдагдалтай ажиллаж байна. Эндээс дүгнэвэл малчин өрх, мал аж ахуй “түгжрэлийн тойрог”-т орчихсон. Цагаан сарын өмнө зээл авна. Хавар ноолуураа тушаагаад төлнө. Намар хүүхдүүдийн хичээл, сургууль ороход зээл авна. Үүнийгээ мал махлах үеэр төлнө. Жилийн дөрвөн улиралд ийм байдалтай. Цаашдаа мал аж ахуй бизнес эрхлэгч болох ёстой юм байна. Таван их наяд төгрөгийг таван жилийн хугацаатай “Шинэ хоршоо” хөдөлгөөн бий болгож байна. Мал аж ахуйн салбарыг хоршооны хэлбэрт шилжүүлж, нэгдэж шинэчлэл хийхийг Засгийн газраас дэмжиж байна. Малчны зээлийг жилийн 20-24 хувийн хүүтэй авч байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөний бодлогын хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг хоршоодод олгож байгаа юм. Ингэснээр мал аж ахуйг ахисан түвшинд аваачих боломж бий. Тэгэхээр цаашдаа малчид маань нийлж, нэгдэж чадвал мал аж ахуйн салбарын хөгжил өндөр түвшинд хүрнэ. “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэж үг бий шүү дээ. Хэрвээ нийлж нэгдээд, хоршооны зохион байгуулалтад орчихвол айл бүр трактор авах шаардлагагүй” гэжээ.
Ер нь бол бүсчилсэн хөгжлийн “галт тэрэг” нэгэнт хөдөлчихсөн. Зорилго ил, бодлого тодорхой болсон. Тэгэхээр У.Отгонбаяр зөвлөхийн хэлсэнчлэн “Хот хөдөөгийн ялгаа арилж, хөдөөд ч чанартай боловсрол, чанартай эмчилгээ, ашигтай бизнес, хувь хүний хөгжил бий болох” хаалга нэгэнт нээгджээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ГАРЬД