Эхлэл нийгэм Сонгууль будлиантуулах зорилготой үйлдлүүд гарсаар байгааг эсэргүүцэж, СЕХ-нд шаардлага хүргүүлэв

Сонгууль будлиантуулах зорилготой үйлдлүүд гарсаар байгааг эсэргүүцэж, СЕХ-нд шаардлага хүргүүлэв

Улс төрийн намууд болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдаж, сонгуулийн үеэр гарч буй хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байгаа. Уг ажлын хэсгээс өмнө нь хэд хэдэн асуудлаар СЕХ болон ТЕГ-т шаардлага мэдээлэл хүргүүлсэн ч дорвитой үр дүн гарахгүй, хууль зөрчсөн үйлдлүүд үргэлжилсээр буйг эсэргүүцэж, шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийв.

Мэдээллийн үеэр Ардчилсан намын дэд дарга, “Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаа “Өмнөх сонгуулиудын үеэр гарч байсан болон цаашид гарах эрсдэлтэй хууль бус үйлдлүүдийг судалгаа дүгнэлтэд үндэслэн гаргаж тавьсан боловч дорвитой шийдэгдэхгүй байсаар сонгуультай золголоо. Иргэдэд мөнгө тараадаг, үнэгүй үйлчилгээ, бэлэг сэлт өгдөг зөрчлүүд гарсаар байна. Тухайлбал, сонгуулийн 2 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар тэмцээн зохион байгуулах нэрийдлээр бэлэн мөнгө тараасан. Энэ асуудлыг баримтжуулж, СЕХ, цагдаагийн байгууллагад хандсан боловч цагдаагийн байгууллага хэрэг үүсгэхээс татгалзаж, хэрэгсэхгүй болгосон байна.

Мөн сонгуулийн 2 дугаар тойрог буюу Ховд аймгийн Жаргалан сумын Хайрхан багийн Засаг дарга н.Цэнд-Аюуш өөрийн намын байрандаа тухайн багийн иргэдийг авчирч 100 мянган төгрөг тараан, МАН-ын 10 нэр дэвшигчийн нэрийг бичиж тусгайлан бэлдсэн саналын хуудсыг бөглүүлж байгаад газар дээрээ баригдсан. Иймэрхүү хууль зөрчсөн үйлдлүүд хаа сайгүй гарч байгаа тул СЕХ-нд шаардлага хүргүүлж байна” гэлээ.

Ховд аймгийн Жаргалан сумд гарсан хууль зөрчсөн үйлдлийг холбогдох хуулийн байгууллагаар нэн яаралтай горимоор шалгуулж, хариуг яаралтай мэдэгдэх, өмнө нь гарсан зөрчлийн талаарх улс төрийн намуудын гомдлыг яагаад хэрэгсэхгүй болгосон талаар ЦЕГ-ын удирдлагаас тайлбар авах, СЕХ-ны аймаг, нийслэл, сум, багийн хэсгийн хороодын гишүүдийн танилцуулга мэдээллийг зарлах, төрийн албан хаагчид сонгуулийн үйл ажиллагааг будлиантуулах ямар нэг үйлдэл хийвэл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдгийг сануулах, санал тоолох машиныг санамсаргүй түүврийн аргаар тестэлж шалгах, машинд уншигдсан саналын хуудасны тоо дэлгэцэнд гарах үеийн буюу санал тоолох үеийн процессыг улс төрийн намуудын төлөөллийг байлцуулан тестлэх, санал авах ажиллагаа дууссанаас хойш 30 минутын дотор дүнг гаргах зэрэг шаардлагыг улс төрийн намууд СЕХ-нд хүргүүлж буй юм байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here