/Гадаад дахь МУ-ын иргэд “УИХ 2024” сонгуульд оролцож саналаа өгч эхэллээ/
Гадаад улсад байгаа, жил бүр ар гэрийнхэн, албан тушаалтнуудад буцалтгүй тусламжийн хагас тэрбум ам.доллар тогтмол илгээдэг сонгуулийн эрх бүхий манай улсын нийт иргэдээс харьцангуй цөөн тооны 13095 хүн “УИХ 2024” сонгуульд оролцож санал өгөхөөр бүртгүүлжээ.
Харь газар суугаа бидний нутгийн иргэн сонгогчид зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны пүрэв, баасан, бямба, ням гариг, дөрвөн өдөрт орон нутгийн цагаар 07.00-22.00 цагийн хооронд тухайн улсын хот сууринд байгаа Монгол Улсын 47 дипломат төлөөлөгчдийн газарт биечлэн очиж саналаа өгнө. Санал авах ажлыг тус газруудын дэргэд түр хугацаагаар байгуулсан сонгуулийн Салбар комисс хариуцна. Сонгогчид зөвхөн нам, эвсэлд санал өгнө. Өөрөөр хэлбэл Саналын хуудаст бичигдсэн 19 нам, 2 эвслээс тухайн сонгогч өөрийн дэмждэг нэгийг тэмдэглэж саналаа өгнө.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Сонгуулийн нутаг дэвсгэр нь Монгол Улсын нутаг дэвсгэр” гэж заасан учраас хилийн чанадад Сонгуулийн тойрог байгуулдаггүй, Тойрог байхгүй учраас Хэсэг гэж байхгүй. Хэсэг байхгүй учраас сонгогчийн саналыг тоолох “хар машин” бас байхгүй.
Нэгэнт тэнд санал тоолох төхөөрөмж “хар машин” байхгүй учраас СЕХ гадаад дахь сонгогчдын саналын хуудсыг төв байрандаа өөрсдийн “хар машин”-даа уншуулж санал хураалтын дүнг гаргана. УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох ажиллагааг Сонгуулийн ерөнхий хороо гүйцэтгэнэ. Сонгуулийн ерөнхий хороо санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22:00 цагт эхэлж, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна. Саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолон санал хураалтын дүнг гаргаж нэн даруй мэдээлнэ” гэж заажээ.
Ташрамд тайлбарлахад, Монгол Улсаа хилийн чанадад төлөөлж буй Дипломат төлөөлөгчдийн газарт: Элчин сайдын Яам, Ерөнхий консулын газар, Консулын газар, Байнгын төлөөлөгчийн газар багтдаг. Энэ удаад харь газар суугаа миний нутгийн 13095 иргэн Италын Ром, Энэтхэгийн Дели зэрэг 32 хотод байгаа гучин хоёр Элчин сайдын Яам, Туркийн Истанбул, Японы Осака зэрэг 9 хотод байгаа есөн Ерөнхий консулын газар, Өвөрмонголын Эрээн, Өмнөд Солонгосын Пусан зэрэг 4 хотод байгаа дөрвөн Консулын газар, Америкийн Нью-Йорк, Швейцарын Женев хотод байгаа хоёр Байнгын төлөөлөгчийн газарт Иргэний үнэмлэх, Гадаад паспортайгаа очиж саналаа өгч “УИХ 2024” сонгуульд оролцох нь ээ.