Б.БАЯР
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа шувтрах тал руугаа орж байна. Гурван өдөр үлдлээ. Энэ сонгуулийн онцлог ч гэх үү, өмнөх сонгуулиудыг бодвол бүсчилсэн том тойрогт хуваагдаж байгаатай холбоотой юу, нам эвслүүд бүгдээрээ л “…Багаар нь дэмжээрэй” гэдэг “хүсэлт”-ийг сонгогчдод тавьж байна.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд энэ сонгуульд оролцож буй нам эвслүүдийн байр суурь, мөрийн хөтөлбөр, цаашилбал PR нь ч ерөнхийдөө олон нийтэд ойлгогдчих шиг боллоо. Гэхдээ тухайн нам, эвслийн гол бодлого даргынх нь амнаас гарч байна. Б.Ренчин гуайн “Нууцыг задруулсан захиа”-д “…Хэлэх үг элчийн аманд бий” гэдэг шиг тухайн нам эвслийн “улс төр”-ийг дарга нарынх нь үгнээс харж болох юм. Тиймээс тэдгээр дарга нарын сонгуулийн сурталчилгааны хугацаанд хамгийн олон давтамжтай хэлсэн үгсийг доор хураав.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
…С.Зоригийн хүсч мөрөөдсөн, манай ахмадуудын итгэж эрхээ шилжүүлсэн Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол авлигал юм. С. Зориг улсынхаа эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн нам, нөхдийн эрх ашиг хоёрдугаарт, эцэст нь хувийн эрх ашиг гэж эрх ашгийг эрэмбэлж байсан. Харамсалтай нь С.Зориг амиа алдсанаар энэ зарчим алдагдсан. Хувийн эрх ашгаа хангахын тулд намыг ашиглаж, улсаа тонон дээрэмддэг болсон. Мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг Ерөнхий сайд А.Амар нар “Шинэ сэргэлтийн бодлого” хэмээн тодорхойлж байсан. Харин өнөөдөр та бид Ардчилсан хувьсгалын анхны үнэт зүйлийг эргүүлэн авчрах ардчиллын хоёр дахь давалгааг эхлүүлэх шаардлагатай байна. Шударга ёсны тэмцэлд нам харгалзалгүй нэгдэж, үзэл санаа, үнэт зүйлдээ үнэн бас үнэнч байхыг уриалж байна. Ард түмний түрлэгийг С.Зориг Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэж хэлж байсаан… Монголчууд бид 30 жил хүссэн шударга ёсны үзэл санаа, тэмцэлдээ үнэнч байцгаая. Энэ удаа та бид “…Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу” гэдгийг сонгох хариуцлагатай сонголтын өмнө байна. Хулгай, луйвар хийсэн хүмүүс хилийн чанадаас сонгуулийг анхааралтай ажиглаж байгаа. Тэд Ардын нам ялагдаасай, эхлүүлсэн энэ тэмцлүүд нь үр дүнгүй болоосой гэж байна. Их хэмжээний авлигын мөнгө хуримтлуулж, бүлэглэлийн үр хөврөл болсон улстөрчдөө парламентад оруулах гэж тэд улайрч, зүтгэж байна.
АН-ын дарга Лу.Гантөмөр:
… Сүүлийн найман жилд юу ч өөрчлөгдсөнгүй. Авлига хэрээс хэтэрч, бараа бүтээгдэхүүний өсөж, иргэдийн амьдрал доройтож байна гэж олон хүн хэлж байна. Ялангуяа залуус ажил хийгээд ч цалин хүрэлцэхгүй байгаа учраас гадагшаа явмаар байна гэж ярьж байна. Боловсрол доройтож, эмнэлгийн салбар уналтад орлоо.
Өнгөрсөн найман жилд юу болоод өнгөрөв өө гэдгийг бодитоор дүгнэхийг хичээж байгаа нь мэдрэгдэж байна. Ажилгүйдэл огт буурсангүй, ядуурал буурсангүй, олж байгаа орлого, монгол төгрөг цаас болж, авлига газар авч, боловсрол улам доройтлоо гэдгийг олон түмэн хэлж байна.
АН засаглавал ирэх дөрвөн жил амлалтын бус их ажлын жил байна. Бид монгол хүнээ хүчирхэг болгож, монголын эдийн засаг үйлдвэрлэл, шинжлэх ухааны салбар дээр босож ирсэн, монгол айл өрх бүхэн, ажилтай, орлоготой байх болно хэмээж монгол төр ил тод, нээлттэй байх тэрхүү дөрвөн жилийг Ардчилсан нам авчрах болно. Монгол Улсын эдийн засаг эрчимжтэй хөгжсөн, хуулийн засаглал, шударга ёс тогтсон, хүн бүр ажилтай, орлого нь амьдрал ахуйд нь хүрэлцсэн, эрүүл аюулгүй орчинд амьдарч ардчилсан нийгмийг цогцлооно.
ХҮН намын дарга Т.Доржханд:
… Төрийн засаглалыг сайжруулна. ХҮН нам төрийг цомхон, мэргэжлийн байлгахаас ажлаа эхэлнэ. Юуны өмнө яамдын тоог ес болгоно. Агентлагийн тоог 2-3 дахин бууруулна. Энэ нь төсвийн хөрөнгийг ихээр хэмнэхээс гадна бизнесийн орчинд бий болсон төрийн дарамтыг арилгах болно. Нүүрс, зэс, Хөгжлийн банк, цавчаа ногооны жинхэнэ хулгайчид, авлигачдад хуулийн хариуцлага тооцно. Иймд хараат бус, хэрэг хурдан шийдвэрлэдэг шүүхийн тогтолцоог бүрдүүлж, Прокурорын байгууллагыг шүүх эрх мэдлийн бус гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болгоно. АТГ-ыг зөвхөн урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болгон өөрчилж, авлига албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах бүрэн эрх бүхий тусгай субъектийн гэмт хэргийг мөрдөн шалгах нэгжийг сэргээн байгуулна. Уул уурхайн төрийн өмчит томоохон компаниудыг иргэдийн хяналттай, нээлттэй хувьцаат компани болгоно. Ялсан намын дарга биш хөндлөнгийн мэргэжлийн удирдлагын багийг томилно. Стратегийн ач холбогдол бүхий ордыг уул уурхайн салбарын дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн стратегийн ач холбогдол бүхий чухал ашигт малтмалд хамааруулах байдлаар эрх зүйн зохицуулалт хийнэ. Баялгийн санг цуглуулж хуваарилахаас илүү хуримтлуулж үржүүлдэг олон улсын жишгээр хөгжүүлнэ. Татварын дарамтыг багасгаж Зээлийн хүүг бодитой бууруулж, бизнесийн шинэ чиглэлийг дэмжинэ. Бид өөрчилнө. Цаг нь болсон.
Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр:
… Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье. Үндэстнээрээ баяжъя. Улс төрд их цэвэрлэгээ хэрэгтэй. Улс төр дэндүү заваан байна. Энэ бохирдсон улс төртэй би тэмцэнэ. Төрөө хулгайчдаас цэвэрлэе, төсвөө иргэдийн хөгжилд зарцуулдаг болъё гэсэн зарчим барьж байгаа. Зээлийн босго, хүү өндөр, банкны бодлого таагүй байгааг өөрчилнө. Мөн хувийн хэвшилд учирдаг төрийн дарамтыг арилгана. …Цагаан суварга гэж овоолттой алт зэс байдаг гэж бодоод байдаг юм уу. Тийм юм байхгүй шүү дээ. Цагаан суваргын үйлдвэр ч гэж хэлэхэд хэцүү. Бүтээн байгуулалт өрнөж байгаад сүүлийн арван хэдэн жил энэ улстөржилтөөс болоод зогсчихсон ийм л нэг хашаа бүхий дутуу орхичихсон байшин барилгууд л байгаа, тэнд. Хуулиаараа төр 34 хувь эзэмшээд хөрөнгө оруулалт хийгээд тухайн аж ахуйн нэгжтэйгээ хамтраад явдаг. Үнэхээр төр хамтраад дэм болооч ээ гэж хүссэн. Үндэсний эвслийн бодлого бол хийж бүтээе гэсэн иргэд хувийн хэвшлийг тултал нь дэмжих. Холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах юм. Татварын тогтолцоо, эрх зүй, зөвшөөрөл, хүнд суртал бүгд хувийн хэвшлийг боомилоход чиглэж байгаа. Бизнес хийхийн тулд заавал танил тал, тохоо татаж байгаа. Үүнийг тойрсон асар том авлига, дээрмийн тогтолцоо бий болж байна. Тэмцэж чаддагүй түмэн мөхдөгийг бүү март.бид туг нь болж тэмцье. Өөрчлөлтийг хүсэгч сонгогч та салхи нь болж Үндэсний эвслийг сонго.
ИЗНН-ын дарга Б.Батбаатар:
…Энэ удаад бид “Зоригтой бай” гэсэн уриатай орж байна. Энэ нь бид өөрчлөх, шинэчлэх, сонголт хийх, хулгайч нарт үгүй гэж хэлэх зоригтой байхыг хэлж байгаа юм. Манай намын мөрийн хөтөлбөрт улс төрийн намуудыг татан буулгаж, шинэчлэн зохион байгуулж, тогтолцооны өөрчлөлтийг сууриар нь хийе гэж байгаа. бид цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг гүйцэд хийж чадаагүй байна. Тэр үед улс төрийн сонголт, шийдвэр гаргахад гарааны тэгш боломжийг иргэддээ олгож чадаагүй гэж дүгнэж байна. Иргэдээ санхүүгийн эрх чөлөөтэй болгох, Засгийн газар стратегийн бус салбарт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахыг хориглох тухай зүйл заалт бүхий Эрх чөлөөний тухай хуулийг батална. Монгол бол монголчуудын хамтын л улс орон, хууль ноёлсон эрх зүйт төртэй, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангасан байх ёстой. Тиймээс парламентад иргэний төлөөллийг олноор нь оруулахын тулд тэдгээр төлөөлөл нь манай намаас нэр дэвшээд явж байна. Бид дунд улс төр, эдийн засгийн бүлэглэл хүн байхгүй. Үүнийхээ төлөө бид боломжит бүх нөхцөлөөрөө ажиллаж байна. Харин тэд мөнгө, эрх мэдлийн давамгайллаар ажиллаж байгаа. Иймээс иргэд маань үүнийг өөрчлөх иргэний зоригоо энэ сарын 28-нд гаргаасай гэж хүсч байна. Амаргүй байгаа, гэхдээ бид бүхий л чадлаараа хичээнэ.
ШИНЭ нэгдсэн эсвлийн тэргүүн Ц.Гантулга:
… ШИНЭ нэгдсэн эвсэл УИХ-ын 2024 оны сонгуулийн жагсаалтын эхний 24 нэр дэвшигчээ зарлалаа. Эрдэмтэн судлаачид, инженер технологичид, эх орончдоор багаа бүрдүүлсэн тус эвслийн нэр дэвшигчдийн дунд өмнө нь УИХ-ын гишүүн, сайдын алба хашиж байсан, авлига, албан тушаалын хэрэг, хулгай, луйварт холбогдож байсан хүн нэг ч үгүй, нэр цэвэр хүмүүсийг дэвшүүлж байгаа бөгөөд Монгол Улсын төр, нийгэм, эдийн засгийг үндсээр нь өөрчлөх, тогтолцоог шинэчлэх, улмаар иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах хүсэл зориг, үзэл санаа, бодлого дор нэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл нэг ч хулгайчгүй, нэр цэвэр, мөр цагаан эрдэмтэн судлаачид болон эх оронч залуучуудаар багаа бүрдүүллээ. ШИНЭ нэгдсэн эвсэл мөрийн хөтөлбөртөө “Ард түмний засаглах эрхийг хангах” зорилтын хүрээнд төр болон хуулийн дээр улс төрийн нам гарч, бүх эрх мэдлийг авч, хамаг баялгийг захиран зарцуулдаг байдлыг таслан зогсоох болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин