Эхлэл нийгэм Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчөөр нь үлдээдэг хуультай болох уу?!

Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчөөр нь үлдээдэг хуультай болох уу?!

Энэ УИХ бол Монголын парламентын шилжилтийн, бас нэг түүхэн бүрэн эрхийг эдэлнэ. Илрэл нь, УИХ-ын сонгуулийн дүн солонгорч гарсан. Жинхэнэ утгаараа, эрээн мяраан эрхэм гишүүдтэй боллоо.
Тэд урьдны 76 шиг хаад ноёд шиг аашлах боломжгүй. Удахгүй мэдэрнэ. Хууль нь тийм юм.
Яг одоогоор яруу алдарт ялалтын уухайнууд дунд сонгогдсон гишүүд, сонгосон иргэд ялгаа зааг нь олж харахгүй л байна.
Гэхдээ эднээс нэг гишүүнийг эртхэн онцолъё.
Ерөнхийлөгч байсан Х.Баттулга 126-гийн нэг болов. Шууд утгаараа, энэ их муухай жишиг. Монгол Улс түүхэндээ зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгон ажиллуулж байна. Х.Баттулга тав дахь нь, түүнээс өмнө дөрвөн Ерөнхийлөгч бий. Тэдний хэн нь ч ингэж УИХ руу өнгөлзөж өмөлзөөгүй. Сайн муу хэлүүлээд олныхоо дунд, улс төрдөө ч явж л байна.
Харин мань хүн тэссэнгүй. Сонгуулийн өмнө АН-ыг бужигнуулаад л байсан. Санасандаа хүрч, цөөнгүй хүн дэвшүүлж, тэр хэрээр өөрийн гэсэн кноптой болж чадлаа. Өөрөө ч Ерөнхийлөгч байсан халаасны оноогоороо гарчих шиг боллоо. Одоо АН-ын УИХ дахь бүлгийн даргыг булаалдаж байгаа мэдээ дуулдаж байна. Удахгүй Лу.Гантөмөрөөс АН-ын даргыг авна гээд унаж мэдэхээр болжээ. Лу.Гантөмөртэй нам нь ялагдлын хариуцлага ярьж таарна. Гэвч Х.Баттулга руу шилжүүлэх эсэх нь энэ намынхны мэдэх хэрэг. Гэвч “2028 он гэхэд дахин өндийхгүйгээр уная” гэвэл төрөлхийн зүүнтэн Х.Баттулгыг тэргүүндээ залах ганц мухар сонголт бий.
Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчийг яагаад төрийн тэргүүн хэмээдэг вэ. Энэ бодох асуудал. Улс төрийн карьерын оргил. Монгол төрийн дээд эрэмбэ. Ийм хэмжээний улс төр рүү гулсдаг явдлыг үүгээр эцэслэвэл зохино. Цаашдаа Улсын Ерөнхийлөгч Улсын Ерөнхийлөгчөөрөө үлддэг жишиг бидэнд хэрэгтэй. Х.Баттулгын хувьд ёс зүй давж, ёс суртахуун хаягдаж буй учраас бүр хууль ч хэрэгтэй болсон бололтой. Учир юу гэвэл Ерөнхийлөгч байсан Х.Баттулга АН-ын зовоосон. Тэр нь дуусаагүй байна. Үргэлжлэх нь ээ. Явсаар Монголыг зутраах вий. Ер нь тэгээд Ерөнхийлөгч байсан хүн тээр дээрээс бууж ирээд бужигнуулж, бантан зуураад байдаг явдал цаашид байж боломгүй. Ядаж Америкийн Трампаас үлгэр авах хэрэгтэй. Трамп буцаад ирж байна. Тэгэхдээ Ерөнхийлөгчөөрөө л ирж байна. Тэгэхээр бид Ерөнхийлөгчөө Ерөнхийлөгчөөр нь үлдээдэг хууль гаргах цаг нь болжээ. Аварга хүн харьсан ч аргаа барж сумын наадам самраад явдаггүй дээ, уг нь.


Эх сурвалж: aguulga.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here