Нам, эвслүүд “УИХ 2024” сонгуулиар УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан “нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэсний дагуу нэр дэвшигч эмэгтэйчүүдийн квотыг 30-аас дээш хувиар биелүүлсэн. Нам, эвслүүд эмэгтэйчүүдийг олноор нэр дэвшүүлэхдээ “чих нь зөөлөн” байсны гол шалтгаан нь: хэрвээ уг шаардлагыг хангаагүй бол тухайн нам, эвслийг СЕХ хуулиараа бүртгэхээс татгалзах эрхтэй байсанд оршино.
ХҮН нам, Үндэсний эвсэл, ИЗНН, Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам, эдгээр улс төрийн таван хүчин “УИХ 2024” сонгуулиар эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх тал дээр “чих нь зөөлөн” байж нийт нэр дэвшигчид эзлэх эмэгтэйчүүдийн квотыг давуулан биелүүлсэн. Эдгээр 5 нам, эвсэл хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй хүн тус бүртээ ирэх 2025 онд нэг удаа 16 сая 500 мянган төгрөгийн Төрийн санхүүжилт авахаар болсон.
Улс төрийн намын тухай хуулийн 27.7-д Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд СЕХ-ноос “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтоомжид заасан нэр дэвшигчийн хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улс төрчийн тоог…энэ хуулийн 27.6.5-д заасан /Т2 буюу 16 сая 500 мянга/ дүнгээр үржүүлсэнтэй тэнцэх төрийн санхүүжилтийг тухайн ээлжит сонгуулийн дараагийн жил зөвхөн нэг удаа олгоно” гэж заасан. Энэ заалтын дагуу 5 нам эвслийн, эмэгтэйчүүдийн квоттой холбоотой 2025 онд нэг удаа авах санхүүжилтийн хэмжээг СЕХ бодож гаргасан байна. Үүнд:
- ХҮН нам – хүйсийн квотоос 20 эмэгтэйг илүү нэр дэвшүүлсэн тул 330 сая төгрөг
- Үндэсний эвсэл – хүйсийн квотоос 8 эмэгтэйг илүү нэр дэвшүүлсэн тул 132 сая төгрөг
- ИЗНН – хүйсийн квотоос 7 эмэгтэйг илүү нэр дэвшүүлсэн тул 115 сая 500 мянган төгрөг
- Шинэ нэгдсэн эвсэл – хүйсийн квотоос 2 эмэгтэйг илүү нэр дэвшүүлсэн тул 33 сая төгрөг
- Үнэн ба Зөв нам– хүйсийн квотоос 5 эмэгтэйг илүү нэр дэвшүүлсэн тул 82 сая 500 мянган төгрөгийг тус тус авахаар болжээ.
Дээрх дурдсан нөхцөл байдал нь хүйсийн квотыг тогтоож, улмаар биелүүлээгүй бол СЕХ бүртгэхгүй байх, хариуцлагын заалтыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд суулгаж өгсний үр дүн шууд ойлгож болно. Харин Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд “Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна” гэж заасан атлаа, хэрвээ квотод хүргэж эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлээгүй бол СЕХ бүртгэхгүй гэх мэт хариуцлага тооцсон хуулийн зүйл заалт байхгүй. Нэгэнт тооцох хариуцлага байхгүй учраас энэ удаагийн Орон нутгийн Хурлын сонгуульд эмэгтэйчүүдийг дэвшүүлэхдээ зарим Нам заавал 20 хувь гэхгүйгээр, Дүрмээрээ бус Зоргоороо шийдэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл Аймаг, нийслэл, Сум, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн энэ цоорхойг ашиглаж байна.
Харин баттай эх сурвалжийн мэдээллээр, Х.Нямбаатар даргатай нийслэлийн МАН-ын хороо Нийслэлийн ИТХ-ын 45 мандаттай сонгуулийн нийт 12 тойрогт 36 эрэгтэй, 9 эмэгтэйг нэр дэвшүүлж хүйсийн квотыг хуульд заасны дагуу 20 хувьд “бариулжээ”. Үүнд, эмэгтэй улс төрч Б.Сэмжидмаа-Баянгол дүүрэгт, Э.Одонтуяа, Ү.Оюунзул нар-Баянзүрх дүүрэгт, Э.Хулан, Н.Баярчимэг нар-Сонгинохайрхан дүүрэгт, Б.Ану-Үжин-Сүхбаатар дүүрэгт, Л.Хосбаяр, Б.Мягмар нар-Хан-Уул дүүрэгт, Л.Ариунтуяа– Чингэлтэй дүүрэгт тус тус нэр дэвшсэн байна. Ирэх 10-р сарын 11-ний баасан гарагт болох Орон нутгийн Хурлын сонгуулийн санал хураалтаар
__Хөдөө орон нутгийн 21 аймгийн ИТХ-ын 751 төлөөлөгч
__Хорин нэгэн аймгийн нийт 330 сумын ИТХ-ын 6922 төлөөлөгч
__Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгч
__Нийслэлийн 9 дүүргийн ИТХ-ын 313 төлөөлөгч, нийт хурлын 8031 төлөөлөгч сонгогдоно.