Эхлэл нийгэм Орон нутгийн сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 58 гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн

Орон нутгийн сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 58 гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн

2024 оны орон нутгийн сонгуультай холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдрийг энэ оны аравдугаар сарын 11-нд зохион байгуулахаар тогтсон.

Сонгуулийн Ерөнхий Хорооны 2024 оны есдүгээр сарын 9-ний өдрийн зөвшөөрөл олгох тухай 198 дугаар тогтоолоор сонгуулийн санал авах гурван байрыг шинээр нэмэгдүүлсэн. Одоо орон нутгийн сонгуульд 2,230 сонгуулийн санал авах байр ажиллана.

Дээрх санал авах байруудад цагдаагийн байгууллагаас хамгаалалтыг зохион байгуулж ажиллана.

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр цагдаагийн газрын даргын А329 дүгээр тушаалаар байгуулан ажиллаж байна.

Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг зөрчлийг шалган шийдвэрлэх, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх байнгын штабын бүрэлдэхүүнийг есдүгээр сарын 16-наас ажиллуулж эхэлсэн” гэв. 

Мөн “Энэ оны наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 16-ныг хүртэл авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдож байсан эсэх талаарх лавлагааг цагдаагийн байгууллагаас нийт 19,239 иргэнд олгосон.

Есдүгээр сарын 25-ны 09:00 цагийн байдлаар сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 58 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Үүнийг ангилж үзвэл зөрчлийн шинжтэй 49 гомдол мэдээлэл, гэмт хэргийн шинжтэй есөн гомдол мэдээлэл эзэлж байна.

Эдгээр гомдол мэдээллийг орон нутгаар нь ангилж үзвэл:

  • Ховд аймагт нэг
  • Булган аймагт хоёр
  • Өвөрхангай аймагт нэг
  • Хэнтий аймагт гурав
  • Дорнод аймагт нэг
  • Сүхбаатар аймагт нэг тус тус гомдол мэдээлэл ирүүлжээ.

Гэмт хэргийн шинжтэй есөн гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэснийг танилцуулбал:

  • Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт хүргүүлсэн хоёр гомдол мэдээлэл.
  • Харьяалал, хуульд заасан үндэслэл журмын дагуу тагнуулын байгууллагад шилжүүлсэн нэг гомдол мэдээлэл.
  • Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй зургаан гомдол мэдээлэл бий. 

Ямар хүнд гомдол ирснийг хэлэх боломжгүй. Нам, нэр дэвшигчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, сонгуулийн штабт ажиллаж байгаа хүмүүс, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэх байдлаар гомдол ирсэн” хэмээв. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here