“Кавказад болсон явдал” хэмээх киног манай үзэгчид андахгүй. 1966 онд бүтээгдсэн ЗХУ-ын энэ киноны найруулагчаар Леонид Гайдай ажилласан бол гол эмэгтэй дүрийг Наталья Варлей бүтээсэн юм.
Наталья Варлей мэргэжлийн жүжигчин биш циркчин бүсгүй гэдэг. Киноны гол дүрийн шалгаруулалтад 500 гаруй бүсгүй өрсөлдсөн ч Варлейг сонгосон юм билээ.
Тэгвэл Наталья Варлей саяхан “Олсон дээр явагч бүсгүй” хэмээх намтар номоо гаргасан нь багагүй шуугиан дэгдээгээд байна. Тус номдоо найруулагч Леонид Гайдай нэгэн орой үнсэх гэж дайрсан тухай буюу одоогийн хэллэгээр бол бэлгийн дарамт үзүүлснийг ний нуугүй тэмдэглэжээ.
Кино зураг авалтын үеэр Шурикийн дүрмийг бүтээсэн Александр Демьяненкогийн төрсөн өдөр таарч, кино багийнхан шөнө дөл болтол хамтдаа ууж наргижээ. Ингээд найруулагч Леонид Гайдай жүжигчин бүсгүйг зочид буудлынх нь өрөөнд хүргэж өгөхөөр болсон аж. Натальягийн хажуу талын өрөөнд Гайдай эхнэрийнхээ хамт орсон байжээ. Гэвч Гайдай өрөөндөө оролгүй Натальягийн өрөө рүү орж, хаалгаа дотроос нь түгжихийг хичээсэн гэнэ.
“Би хаалга түгжихгүй байхыг аль болох элэгсэгээр гуйсан. Дараа нь би буйдангийн буланд суугаад, харин Леонид Иович гуай яг миний өөдөөс тулаад хараад суучихсан. Их эвгүй таагүй байдал үүссэн… Би аль болох дүйвүүлэхийн тулд Сашагийн төрсөн өдөр болон маргаашийн зураг авалтын талаар ярихыг хичээлээ…
Гэтэл хонгилд чанга дуугарах сонстож, нэг хүн яаран наашаа орж ирсэн нь Нина Павловна байлаа /Гайдайгийн эхнэр/… Надад бүр хэлэх ч үг олдохгүй “Бид хоёр киноны тухай ярьж байгаа юм аа” л гэсэн. Үүнийг сонсчихоод Нина Павловна дуугүй гараад явчихсан.
Дараа нь тэдний өрөө нь хаалга чанга хаагдах нь сонстлоо. Леонид Иович гуай хаалга руу чиглэхээр нь би хаалга түгжихээр араас нь дагалаа. Гэвч Гайдай хаалгыг гэнэт дотроос нь түгжээд эргэж намайг үнсэх гэж дайрсан…
Гэхдээ үнсэж чадаагүй ээ. Би чинь циркийн жүжигчин, жижигхэн ч гэсэн чадалтай байсан болохоор тэр дор нь Гайдайг өрөөнөөсөө түлхэж гаргаад, хаалгаа түгжчихсэн юм. Маргааш нь Гайдай их эелдэг зантай ч над руу аль болох харахгүйг хичээж буй нь илт мэдрэгдсэн” хэмээн Наталья Варлей намтар номдоо дурьджээ.