2019 оны нэгдүгээр сарын 14-нд Мадрид хотын шүүхээр Криштиано Роналдогийн татвараас зайлхийсэн хэргийг шүүхээр тов тогтжээ. Роналдо өөрийн биеэр тус шүүх хуралд оролцож, мэдүүлэг өгөх ёстой гэнэ. Гэвч Роналдогийн өмгөөлөгч Хосе Антонио Чоклан хөлбөмбөгчийг өөрийг нь очуулалгүй видео холбоогоор мэдүүлэг өгүүлэх боломжийг хайж байгаа ажээ. Роналдог Испанийн “Реал Мадрид”-д тоглож байхдаа 2011-2014 оны хооронд 14.7 сая еврогийн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаж буй юм.
Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол Роналдо гэм буруугаа хүлээн зөвшөөрөх ажээ. Тэгээд ч өнгөрсөн наймдугаар сарын 6-нд 13.4 сая еврогийн торгуулийг төлж барагдуулсан гэнэ. Тиймээс түүнд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноох магадлал өндөр байна.
Хөлбөмбөгчдөөс өмнө нь татвараас зайлсхийсэн хэргийн улмаас Испанийн шүүхээс тэнсэн харгалзах ял сонссон нь цөөнгүй. Лионель Месси хоёр жилийн тэнсэн харгалзах ял сонсож байсан бол “Реал Мадрид”-д тоглож байсан Фабио Коэнтрао мөн саявтархан тэнсэн харгалзах ял сонссон юм.