Руперт Грин 11 настайдаа анх “Харри Поттер”-ийн зураг авалтад оролцож, од болон мандсан. Олон жил үргэлжилсэн цуврал ангиудын дараагаар тэрбээр кино дүр болон бодит амьдрал хоёроо ялгаж салгаж чадахгүй хэсэн зуур будилж, сэтгэл гутралд орсон тухайгаа ярьжээ.
“Харри Поттер”-оос өмнөх амьдралаа би бараг эргэн санаж чаддаггүй юм. Кино зураг авалтын тэр жилүүдэд би амьдралаас тасарчихсан байлаа. Тэр жилүүдэд өөрийнхөө жинхэнэ зан чанарыг алдсан шиг санагддаг. Ер нь их хачин гэмээр нөхцөлд байдал орчихсон юм.
Заримдаа би найз нөхдийнхөө хамтаар бусдын адил барбекью орохыг хүсдэг. Гэвч одоо хүртэл жирийн нэгэн шиг гудамжаар явах надад хэцүү хэвээр. Нэг талаас нь харвал намайг хүмүүс урьдын адил кино дүрээр минь харж, хандсаар байна. Нөгөө талаас нь хэлбэл би өөрөө ч гэсэн кино дүрийгээ өөрийгөө гээд бодож будилсан хэвээрээ л яваа.
“Харри Поттер”-ийн дараагаар юу хийх ухаанаа олохгүй удсан. Хамгийн үнэтэй сайхан жилүүдээ хоосон өнгөрүүлчихсэн шиг санагдаад болоогүй. Жирийн найз нөхдөөсөө л харилцаа тасарч, ганцаараа үлдсэн байлаа. Ингээд би жирийн хүн шиг амьдарч сурахын тулд бусад киноны саналаас татгалзаж эхэлсэн юм. Ер нь би хэзээ ч том зүйлд зорьж тэмүүлдэггүй зантай. Гэхдээ өөрөө өөртөө хэн болохоор нотлон харуулах шаардлага тулгарсан болохоор би шинэ кинонд тоглохоор шийдсэн. Би бол өөртөө итгэл муутай жирийн нэгэн залуу гэдгээ бүрэн мэдрэхийг хичээсэн” хэмээн Гринт өгүүлжээ.
Түүнээс “Харри Поттер”-т тоглосноор хэдий хэмжээний хөрөнгө хуримтлуулсныг нь лавлахад “Үнэндээ би тоолж үзээгүй. Тодорхой тоо хэлж чадахгүй. Учир нь би багцаагаар ч тоо хэлж чадахгүй. Мөнгө намайг хөтлөгч биш. Мэдээж, мөнгө өөртөө итгэлтэй байхад дэм болдог. Гэхдээ би хөрөнгө мөнгөнд тэгтлээ ач холбогдол өгдөггүй” гэж Гринт өгүүлжээ.
Хэвлэлүүдийн тоолж тогтоосноор бол Руперт Гринт “Харри Поттер”-т тоглосон он жилүүддээ нийт 28 сая ам.доллар олсон гэдэг.
Тэрбээр хэсэг кино урлагаас хөндийрсөн ч дараа нь хэд хэдэн кинонд дүр бүтээсэн. Энэ сарын 26-нд Агата Кристигийн зохиолоор сэдэвлэсэн бүтээсэн “The A.B.C. Murders” нэртэй сериал дэлгэцнээ гарах юм. Тус кинонд Руперт Гринт гол дүрүүдийн нэгийг бүтээжээ.