БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” ХХК-ийн Төрийн банкнаас 20 тэрбумын зээл авсан асуудалд хуулийн байгууллаг эрүүгийн хэрэг үүсгэн шалгалт хийж байна.
Энэ хэргээс болж Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханд эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлэл цацагдаж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үүнийг баталсан.
Мөн “Шинжиан шинфа” ХХК нь Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийн зээл авахдаа ямар нэг барьцаа тавиагүй гэдгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан яриад байгаа.
Одоогийн байдлаар “Шинжиан шинфа” ХХК-д 20 тэрбумын зээл өгөх зөвшөөрлийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Сангийн сайд байхдаа Д.Баярсайханд өгсөн нь тодорхой болоод байгаа юм.
Баримт харвал 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханд “Эдийн засгийг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан хуулийн этгээдийн санхүүгийн үр ашигтай концессын төслийн 20 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийн хүсэлтийг Сангийн сайдаас Төрийн банкинд хүргүүлсэн 2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 7-1/6647 дугаар албан бичгээр тогтоосон зээлийн хязгаарлалтад хамааруулахгүйгээр холбогдох дүрэм, журамд нийцүүлэн судлан үзэхийг зөвшөөрч байна” гэжээ.
Ингэхээр Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн тэр зөвшөөрлийн дагуу 20 тэрбум төгрөг Төрийн банкнаас гараад явчихсан гэсэн үг.
Гэтэл Сангийн сайд Б.Чойжилсүрэн 2016 оны арваннэгдүгээр сарын 3-нд Төрийн банкны ТУЗ–ийн дарга Б.Нямаагийн нэр дээр Чиглэл өгөх тухай албан бичиг явуулжээ. Б.Нямаа нь тухайн үед Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан юм.
Сангийн сайдын өгсөн чиглэлд “Танай байгууллагын ТУЗ-өөс “Хүсэлт гаргах тухай 2016 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 01а/11235 тоот албан бичигтэй танилцлаа. Танай банк нь хувьцаа эзэмшигчийн зүгээс өгсөн чиглэлийн дагуу банкны шаардлага, зохион байгуулалтыг өөрчлөн сайжруулах ажил, банкны үйл ажиллагааны хэвийн, тогтвортой байдлыг хангах ажлуудыг хийж гүйцэтгээд байгааг харгалзан үзэж, банкны хэвийн үйл ажиллагаанд эрсдэл учруулалгүйгээр дараах чиглэлийг баримтлан ажиллах чиглэлийг үүгээр хүргүүлж байна. Үүнд:
–Банкнаас олгох зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын дүн 5.0 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй байх
–Нэг зээлдэгчид болон банкны холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох актив, хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь 5.0 тэрбум төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний ам.доллараас дээш дүнтэй биш байх
–Зээл шийдвэрлэх эрх хэмжээг Зээлийн ерөнхий хороонд бүрэн шилжүүлэх.
Ингэхдээ хувьцаа эзэмшигчийн зүгээс танай банкинд 2016 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 7-1/5765 тоот албан бичгээр хүргүүлсэн зарим чиглэлүүд, Монголбанкнаас танай банкинд Банкны тухай хуулийн зарим заалтууд, “Банкны зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх журам”-ын хүрээнд хийсэн шалгалт болон ээлжит шалгалтын дүнгээр тус банк нь зээлийг холбогдох журмын дагуу ангилаагүй, зээлийн эрсдлийн санг дутуу байгуулсан, Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл дутуу, зөрүүтэй, давхардуулан нийлүүлсэн, чанаргүй зээлийн хэмжээ өссөн зэрэг зөрчлүүдийг арилгах талаар Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны долдугаар сарын 22-ны өдрийн тушаалыг тус тус үндэслэн дээрх үүргүүдийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг улирал тутам Сангийн яаманд ирүүлж байхыг үүрэг болгож байна” гэсэн байв.
Ингэхээр Б.Чойжилсүрэн 20 тэрбум төгрөгийн зээлийн зөвшөөрөл өгөхөөсөө жилийн өмнө 5.0 тэрбумаас дээш санхүүжилтийг Төрийн банкнаас гаргахгүй байхыг ТУЗ-д гь үүрэгдсэн байсан гэсэн үг.
Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ асуудал илрэхэд Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Эдийн засаг хүнд байсан учраас нэг хүнд олгох зээлийн болон батлан даалтын дүн 5.0 тэрбумаас хэтрэхгүй байх гэсэн албан бичгийг Төрийн банкинд өнгөрсөн оны арванэгдүгээр сард хүргүүлсэн. Харин оны эхний таван сарын байдлаар эдийн засгийн өсөлт гарсан гэдгийг статистикийн мэдээнд дурдсан. Мөн Хөгжлийн банкны энэ оны нэгдүгээр улирлын тайлангаас харахад Төрийн банкнаас нэг хүнд олгох зээлийн хэмжээ 36 тэрбум байх боломжтой болсон байсан. Гэвч бид эрсдэлээ тооцон нэг хүнд олгох зээл болон батлан даалтын хэмжээг 20 тэрбумаас хэтрүүлэхгүй байхаар, ингэхдээ ажлын байрыг олноор бий болгодог салбарт олгох чиглэл өгсөн” гэсэн тайлбарыг өгч байлаа.
Энэ талаар Төрийн банкнаас “… “Шинжиан Шинфа” нь Сангийн яамнаас ажил гүйцэтгэсэн их хэмжээний авлагатай бөгөөд зээл эргэн төлөгдөөгүй тохиолдолд Сангийн яамнаас мөнгийг нь суутгаад авах бүрэн боломжтой. Мөн энэхүү зээлийг зарим хэвлэлээр гарсан шиг нэг өдрийн дотор шийдээгүй, судалгааны ажлууд нь 2-3 сарын хугацаанд хийгдсэн зээл байсан” гэж тайлбарласан тухай зарим хэвлэлд мэдээлсэн байна.
Тэгвэл “Зэрэг нэмэхийн өмнө” кинон дээр “Бүүр нөгөө тал нь” гэдэг шиг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” ХХК-д 20 тэрбум төгрөг өгүллсэн цаад эзэн нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат байсан гэх мэдээлэл яригдаад эхэллээ.
Тэрээр тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан юм. Тэр үед нь буюу 2017 оны зургадугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд орсон “Концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийн хөрөнгө оруулалтыг концессын гэрээнд заасан эргэн төлөх хуваарийн дагуу 2020-2021 оны улсын төсөвт тусгах шийдвэрлүүлэх тухай хэоэоцээд Үндэсний хөгжлийн газар болон “Шинжиан шинфа” ХХК хооронд 2017 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийн концессын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан уг төсөлд хөрөнгө оруулалтыг 2020-2021 оны улсын төсөвт тусган шийдвэрлэх асуудлыг нотолсон захидлыг “Шинжиан шинфа” ХХК-д хүргүүлэх тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын хүлээсэн үүргийг нотолсон захидал /албан бичиг/-ыг тус компанид хүргүүлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрөв гэсэн ЗГХЭГ-ын бичгийг ЗТХЯ-нд хаяглан гаргасан байна.
Эндээс үзэхүл Т.Аюурсайхан гишүүн Төрийн банк “Шинжиан шинфа” ХХК-д барьцаагүйгээр 20 тэрбум төгрөгийн зээл өгсөн байна гэснийг “…“Шинжиан Шинфа” нь Сангийн яамнаас ажил гүйцэтгэсэн их хэмжээний авлагатай бөгөөд зээл эргэн төлөгдөөгүй тохиолдолд Сангийн яамнаас мөнгийг нь суутгаад авах бүрэн боломжтой” гэсэн Төрийн банкны албан бус тайлбар, 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханд явуулсан “Эдийн засгийг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан хуулийн этгээдийн санхүүгийн үр ашигтай концессын төслийн 20 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийн хүсэлтийг Сангийн сайдаас Төрийн банкинд хүргүүлсэн 2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 7-1/6647 дугаар албан бичгээр тогтоосон зээлийн хязгаарлалтад хамааруулахгүйгээр холбогдох дүрэм, журамд нийцүүлэн судлан үзэхийг зөвшөөрч байна” гэсэн бичиг зэрэг нь няцаахаар байгаа юм.
Өөрөөр хэлбэл, ЗГХЭГ-ын 2017 оны зургадугаар сарын 20-ны өдрийн Концессын гэрээний хөрөнгө оруулалтыг 2020-2021 оны улсын төсөвт тусгахыг нотолсон дээрх албан бичиг Төрийн банкнаас “Шинжиан шинфа” ХХК-д олгосон 20 тэрбум төгрөгийн барьцаа нь болсон бололтой.
Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир