Өнгөрсөн 2018 оны аравдугаар сарын 25-нд Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын “Кэй Эйч” апартментийн 11 давхраас 22 настай, загвар өмсөгч Ч унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Хэрэг гарснаас хойш гурван сарын хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, НЦГ-ын Мөрдөн шалгах газраас хяналт тавьж ажилласан билээ. Хэрэгт холбоотой сэжиг, таамаг бүрийг нарийвчлан шалгахад талийгаачийн амь биед халдсан, амиа хорлоход нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул цагдаагийн байгууллага хэргийг хаах саналаа хяналтын прокурорт шилжүүлсэн байна.
Энэ талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Н.Баттөмөр “Талийгаачийн унасан “Кэй Эйч” апартмент хотхоны камерын бичлэгүүдийг шалгахад, хэрэг болсон өдөр буюу 2018 оны аравдугаар сарын 24-ний 10.35 цагт 6-Б байрны 10 дугаар давхраас цахилгаан шатаар Б1 давхарт бууж, гараашаар дамжин 6Д байрны 11 давхарт цахилгаан шатаар ганцаараа гарсан байна. Хэргийн газрын үзлэгээр 6Д байрны 14 дүгээр давхрын коридорын салхивчны ирмэг, бариул хэсэгт, гарын мөр илэрсэн.
Шинжилгээ явуулахад талийгаачийн гарын хээтэй тохирсон. Мөн талийгаачийн цогцсоос олон тооны гэмтэл илэрсэн бөгөөд тэдгээр нь өндрөөс унах үед үүссэн байх боломжтойг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон.
Талийгаачийн ах зарим хүнийг дүүгийнхээ үхэлд буруутай хэмээн олон нийтийн сүлжээгээр тараасныг цагдаагийн байгууллага шалгахад, сэжигтэй зүйл гараагүй. Тэдгээр иргэд өөрсдийг нь гүтгэсэн тухай хариу гомдол гаргасан” гэв.
О.Гэрэл