Энэ сарын 21-ний өглөө Хонконгийн The Mira зочид буудлын үүдэнд 24 настай жуулчин бүсгүй амиа алджээ. Бүсгүйн дээрээс цонхны раам унаж, эмнэлэгт яаралтай хүргэсэн ч амьсгал хураасан байна. Бүсгүйтэй хамт явсан 36 настай эрэгтэйн гар цонхны шилэнд бага зэрэг зүсэгджээ.
Тус хэрэгт холбогдуулан зочид буудлын үйлчлэгч 39 настай эмэгтэйг баривчиллаа. “16 давхрын өрөөг цэвэрлэх гээд ортол тамхины үнэ нэвччихсэн байхаар нь цонх онгойлгож агаар оруулах гэсэн юм. Гэтэл цонх онгойхгүй гацаад байхаар нь хүчтэй түлхчихсэн чинь салаад доош уначихсан” гэж мэдүүлжээ.
Үйлчлэгч эмэгтэйг техникийн аюулгүй байдлыг хангаагүй, анхаарал сэрэмжтэй ажиллаагүй гэсэн үндэслэлээр баривчилсан гэж ахлах мөрдөн байцаагч Чан Ка-Ин мэдэгджээ. Мөн цонх онгойлгож агаар оруулах нь үйлчлэгчийн ажлын үүрэгт тусгагдсан эсэхийг магадлах гэнэ.
Тус барилгад 2009 онд бүрэн засвар хийсэн байна. Цонхны раамын урт нь 144 см, өргөн нь 30 см. Мөн зочид буудлын өрөөнд тамхи татахыг хориглосон журамтай гэнэ.
Хонконгийн Барилгын төв газрын мэргэжилтний өгүүлснээр бол иймэрхүү цонхыг гацаад байвал шууд акталж, солих хэрэгтэй байдаг аж. Хэрэг явдал гарсны маргааш Хонконгийн Зочид буудлуудын Нэгдсэн Холбооноос бүх зочид буудлуудын цонхыг шалгах үүрэг өгчээ.
News1.mn Р.Гэгээ