Эхлэл онцлох “Төрийн алба мэргэжлийн хүнээр дутаж байна”

“Төрийн алба мэргэжлийн хүнээр дутаж байна”

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ гэсэн төрийн албан хаагч тангарагтай үнэнч байх хэрэгтэй. Төрийн албаны хууль энэ сарын 1-ээс хэрэгжиж эхэлснээс хойш ард иргэд бухимдалгүй төрийн үйлчилгээг авах боломж бүрдсэн үү?

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Төрийн алба зарчимтай зөв байхын гол суурь нь төрийн алба хаагчид зөв шударга ажиллахаас хамаарна. Энэ бүхэнд Төрийн албаны зөвлөл маш сайн хяналт тавьж ажиллах үүрэгтэй.  Миний дүгнэж байгаагаар 2012 он хүртэл Төрийн албаны зөвлөл зөв зүйтэй ажиллаж байсан. Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар буруу зүйл хийхээс эмээдэг байсан юм шүү. Төрийн албаны зөвлөл улстөрчдийн нөлөөлөлгүй ажиллах ёстой. Өнөөдөр нийгмийн бухимдлыг төрүүлж байгаа ганц асуудал нь төрийн алба хаагчидтай холбоотой.  Улстөрчид, Засгийн газраас чиглэл өгдгийг нь болиулах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Төрийн алба хэтэрхий данхар байгаа талаар өмнө нь би хэлж байсан. 10 жилийн хүүхдүүд бүтээлч буюу инженерийн мэргэжлийг сонирхдог болсон байна. Төрийн албыг сонирхох нь илт буурчээ. 240 мянган төрийн алба хаагчийг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж байна. Дэлхийн жишигтэй харьцуулахад энэ нь маш том тоо. Төрийн алба цомхон байж төрийн алба хаагчдын цалин хөлс нь нэмэгдэнэ. Үүнийг хүн бус хуулиар зохицуулах хэрэгтэй. Дэлхийн дундажтай ойртох ёстой. Татвар төлөгчдийн мөнгийг цалинд зарцуулах нь зохисгүй юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ж.Ганбаатар гишүүн зөв зүйлийг хэллээ. Төрд орчихвол амар хялбар амьдрах юм байна гэдэг ойлголт нийгэмд гарсан нь үнэн. Төр данхар болж байгаа нь үнэн. Жил бүр төрийн алба хаагчдын тоо нэмэгдэж байна. Үүнийг зохицуулж анхаарч ажиллах  газар нь Төрийн албаны зөвлөл. Ард түмэндээ үйлчлэх ёстой үйлчлэгч гэдгээ төрийн алба хаагчид мэдэж  байх ёстой. Тийм учраас үүнийг хуульд тодорхой тусгасан. Төрийн албаны зөвлөл шинэ дүрэм, журамтай боллоо. Төрийн албаны зөвлөл улс төрөөс ангид ажиллах нөхцөл боломж нь илүү бүрдэж байгаа учир өмнөх шигээ ажиллахгүй шүү.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Өмнө нь хоёр яам 100 хүрэхгүй хүнтэй ажиллаж байсан бол одоо нэг яамд 100 гаруй төрийн алба хаагчид ажиллаж байна. Иргэний нисэхийн салбарт мэргэжлийн хүн 2-3-аас хэтрэхгүй шүү. Энэ мэт яамдууд мэргэжлийн хүнээр дутмаг байна. Төрийн албаны хангамж нэмэгдэх хэрээр арын хаалга нь нэмэгдэнэ шүү. Төрийн алба руу шуурах хүмүүсийн тоо улам нэмэгдэнэ. Төрийн албаны зөвлөл  2012 оны өмнөх шигээ ажиллах нөхцөл боломж энэ хуулийн төслөөр олгогдож байгаа гэж ойлгож байна.

Ингээд гишүүд үг хэлсний дараа  “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

erennews.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here