“Монголиан Коппер Корпорейшн” гэдэг 27-хон настай захиралтай, хэн ч мэдэхгүй компани “Эрдэнэт”-ийн 49 хувийг Оросын талтай ярьж байгаад авчирлаа гэдэг мэдээлэл 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө задарч байлаа.
Тухайн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг учиргүй их баярлаж “Эрдэнэт маань 100 хувь Монголынх боллоо” гээд хундага тулгаж байв.
Харин бусад хүмүүс бүгд “Энэ бүхний цаана луйвар явчихлаа” гэж үзсэн.
Тэр цагаас хойш “Эрдэнэт” хоёр толгойтой болж, энэ үйлдвэрийг худалдаж авсан процесс хууль бус болсон тухай УИХ, Засгийн газрын тогтоол гарсан. Гэсэн ч хэрэгжүүлж чадалгүй Цэц болоод Захиргааны шүүх дээр зарга үүсч явсаар өнөөдрийг хүрсэн юм. Гэтэл өнгөрсөн баасан гариг /2019.1.25./-т “Монголиан Коппер Корпорейшн”-ийн “Эрдэнэт”-ийн 49 хувийн цорын ганц эзэмшигч Ц.Пүрэвтүвшин хувьцаагаа Сингапурт бүртгэлтэй “Эрдэнэт Корп Пти” хэмээх компанид худалдан шилжүүлэх шийдвэр гаргаж, гэрээ хэлцэл нь явагдаад дуусчихсан байх магадлалтай баримт тарлаа.
Сингапурын энэ компани нь “Монголиан Коппер Корпорейшн” -тай холбоотой аж.
Тэгэхээр энэ компани дотроо хувьцаагаа шилжүүлсэн мэт ойлгогдож байгаа.
Харин “Монголын зэс корпорапи”-аас “Улсын Их Хурлын зарим гишүүд 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр “Монголиан Коппер Корпорейшн” ХХК нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг Сингапурын компанинд худалдсан” тухай огт ор үндэслэлгүй худал, ташаа мэдээллийг улс төрийн зорилгоор цацлаа. “Монголиан Коппер Корпорейшн” ХХК нь гадаад улсын төрийн өмчит компанийн мэдэлд байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-иудын 49 хувийг холбогдох хуулийн дагуу, өөрсдийн хөрөнгөөр худалдан авч, Монгол Улсад авчирсан бөгөөд гадаад улсын иргэн, аж ахуйн нэгжид дамжуулан худалдах, зарах, шилжүүлэх ямар ч зорилго байхгүй бөгөөд тэгж шийдвэрлээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Энэхүү мэдэгдэл гаргах өдрийн байдлаар “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын иргэн байгаа бөгөөд цаашид ч байх болно (холбогдох лавлагааг үзнэ үү http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5801621).
Хэдий хоёр үйлдвэрийн хувьцаа эзэмшилтэй холбоотой маргаан дуусч шүүхээр эцэслэн шийдэгдсэн ч Засгийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг хэргийн хариуцагчид шүүхийн шийдвэр биелүүлээгүй хэвээр байгаа буюу хоёр үйлдвэрийн хувьцаа 100 хувь төрийн өмчид бүртгэлтэй байна (холбогдох лавлагааг үзнэ үү http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2074192). Уг асуудлаар манай компани Олон улсын шүүхэд хандсан болно.
Хоёр үйлдвэрийн 49 хувийг хувьцааг худалдан авсан хэлцлийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд улс төрчид өөрт ашигтай сэдэв болгон улс төрийн зорилгоор ашиглаж манай компанийн талаар худал, ташаа мэдээллийг зориуд тараасаар ирсний нэг нь энэ удаагийн үйлдэл боллоо. Цаашдаа аливаа бизнесийн гэрээ, хэлцлийг улс төрийн явцуу эрх ашгаа хамгаалах, гүйцэлдүүлэх арга хэрэгсэл болгох нь Монгол Улсын эрх зүйт тогтолцоо, бизнесийн эрүүл орчинд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг анхаарахыг улс төрчдөөс хүсье.
Ор үндэслэлгүй худал, ташаа мэдээллийг улс төрийн зорилгоор тараасан асуудлыг хуулийн байгууллагад хандаж шалгуулахаа мэдэгдэж байна” гэсэн мэдэгдлийг 25-ны өдөр гаргасан байна.
Гэхдээ нөгөө талаас дээрх баримт үнэн байгаад “Эрдэнэт”-ийн 49 хувь Сингапурт бүртгэлтэй компанид шилжсэн бол асуудал үүснэ хэмээн эх сурвалжууд тайлбарлаж байна. Учир нь “Эрдэнэт”-ийн 49 хувь Сингапурт бүртгэлтэй компанид шилжсэнээр цаашид Монгол Улсын хууль тогтоомж “Эрдэнэт”-ийн 49 хувьд нөлөөлөх нөлөө нь багасна. Зөвхөн зөвшилцөл, шийдвэрийг нь сонсох хүрээтэй үлдэж байна гэсэн үг. Харин энэ бүхэн Засгийн газрын зөвшөөрөлгүй, Засгийн газар мэдэлгүй явах боломжгүй аж. Тиймээс Засгийн газрын байр суурь одоо анхаарал татаж байгаа юм. Ер нь бол эдгээр баримт батлагдвал “Монголиан Коппер Корпорейшн”-ийнхан, Ц.Пүрэвтүвшин “Эрдэнэт”-ийн 49 хувийг Оросоос авчраад Сингапур руу гаргачихлаа гэсэн үг юм байна.
Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир