Поп од Селена Гомес уран бүтээлээсээ завсардаад нэлээд удсан билээ. Тэгвэл саяхан гэнэт “нойрноосоо сэрж” найз дуучин Жулиа Майклстайгаа хамтран шинэ “Түгшүүр” (“Anxiety”) дуу бичүүлжээ. Тэрээр “Entertainment Weekly”сэтгүүлд ярилцлага өгчээ.
-Уран бүтээлдээ эргэн орсонд тань баяр хүргэе. Шинэ дуу тань юуны тухай өгүүлдгийг сонирхож болох уу?
-“Түгшүүр” нэрнээс нь л юуны тухай өгүүлдгийг таамаглаж болох байгаа биз? /Инээв/. Энэ дуу надад дэндүү танил сэтгэл гутралын тухай өгүүлдэг.
Ер нь би олон найз нөхдийнхөө нэгэн адил үе үе айдас мэдэрдэг. Энэ мэдрэмж зөвхөн чамд тохиогоогүй, чи энэ тал дээр ганцаараа биш гэдгийг сануулж л дуулсан юм. Дуу маань хүмүүст таалагдана гэдэгт найдаж байна.
-Уучлаарай, та өнгөрсөн жил бөөр шилжүүлэн суулгасан хагалгааныхаа дараахан сэтгэлийн хямралын улмаас дахин эмнэлэгт хэвтсэн гэсэн?
-Тийм ээ. Эмч нар үүнд хагалгаа нөлөөлсөн байж болзошгүй гэсэн л дээ. Мэдээж дээр нь хувийн амьдралын асуудал маань нэрмээс болсон биз. Юутай ч аравдугаар сард биеэ хянаж чадахгүй болж, дээр нь хий айдаст автан эмнэлэгт хэвтэхээс өөр аргагүйд хүрсэн. Гэвч би амьдралынхаа хар зурвасыг давж чадаад уран бүтээлдээ эргэн орж байгаадаа хязгааргүй их баяртай байна.
-Шинэ дууг тантай хоршиж дуулсан Жулиа Майклc таны найз уу?
-Тэгэлгүй яахав. Жулиа Майклc миний дотны найз. Өөртөө итгэлгүй болоход тэр үргэлж намайг дэмжин зоригтой байхыг зааж өгсөн юм.Тэгээд ч шинэ дуунд хоёр найз бүсгүй хэн хэнийг нь түгшээдэг сэтгэлийн зовиураа ний нуугүй ярилцдаг. Тэгээд аль алиных нь сэтгэл онгойдог юм.
Эx сурвалж: ura.mn Б.Сансар