Оросын “РИА Новости” агентлагийн шинжээчид өргөн цар хүрээтэй судалгааны ажил явуулж, тус улсын бүс нутгуудыг амьдралын чанарын түвшнээр жагсаажээ.
Жагсаалтыг эдийн засаг, нийгмийн салбарын хөгжил сайтай Москва, Санкт-Петербург, Москвагийн муж тэргүүлсэн байна. Эдгээр гурван бүс нутаг боломжит 100-гаас 70-аас дээш оноо авчээ. ТОП-10 бүс нутагт түүнчлэн Татарстан, Белгородын муж, Краснодарын хязгаар, Воронежийн муж, Ханты-Мансийн автономит тойрог, Липецкийн ба Калининградын мужууд багтжээ.
Харин амьдралын чанарын үзүүлэлт хамгийн доогуур бүс нутгаар 100-гаас дөнгөж 16 оноо авсан манай хөрш Тува “шалгарчээ”. Мөн Ар Байгалийн хязгаар, Карачаево-Черкеси жагсаалтад сүүл мушгисан байна.
Жагсаалтыг гаргахдаа шинжээчид Оросын Статистикийн газар, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Төв Банк зэрэг байгууллагын тоо баримт ашиглажээ.