Д.Бат-Очир
“Голомт”-ын Д.Баясгаланг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны нэгдүгээр сарын 21-нд цагдан хорьсон мэдээлэл цацагдсан. Улмаар 23-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрээр 30 хоног хорихоор болсон. Гэвч 25-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүх дахин хуралдаад “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг цагдан хорихгүйгээр Монгол Улсын хилээр гарах эрхийг нь 2019 оны хоёрдугаар сарын 20-ныг хүртэл хязгаарлахаар шийдвэрлэсэн байдаг.
Гэвч Д.Баясгалан цагдан хоригдсон гэх дөрөв хоногийн хугацаанд ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид очоогүй, гэртээ байсан гэх мэдээлэл бас яригдаад өнгөрсөн. Энэ үнэн бол хулуийн өмнө бүгд тэгш эрхтэй байх зарчим алдагдсан, хууль хэнд яаж үйлчлээд байгаа асуудлыг хөндсөн ноцтой явдал юм.
Д.Баясгаланг ийн “саатуулсан”, шалгасан тухайд АТГ-аас “Нэг дугаартай хэрэг дээр Монгол Улсад нэлээд том хоёр ААН-ийн дансаар удаа дараа орж ирсэн. Үүгээр мөнгө угаасан байж болзошгүй. Цаана нь ямар зориулалтаар мөнгө орж ирсэн, албан тушаалтан байгаа эсэх нь мөрдөн шалгалтаар тогтоогдоно.Ч.Давааням, Д.Баясгалан нарыг цагдан хорьсон байгаа. Монгол Улсад 20 орчим сая ам.доллар Монголын нэлээд том аж ахуй нэгжийн дансаар орж ирсэн. Орж ирсэн мөнгийг бүтээн байгуулалт уу, эсвэл мөнгө угаасан уу гэдгийг шалгалтын явцад тогтооно. Мөрдөн шалгах ажиллагаа прокурор шүүхийн хяналт дор үргэлжилсэн. Цаашдаа ч энэ ажиллагаа үргэлжлэх болно” гэж мэдэгдсэн. Тэд Д.Баясгаланг мөнгө угаасан хэргээр шалгаж байгаа. Энэ ажиллагаа үргэлжилж байна гэсэн үг.
Тэгвэл хэд хоногийн өмнө Д.Баясгалантай холбоотой бас нэг баримт гарч ирээд алга боллоо.
Д.Баясгалан “Бодь интернэшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга гэж анкетадаа бичдэг. Тус компаийн гүйцэтгэх захирал А.Амундра гэдэг хүний нэр дээр 2019 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Монголбанкны Хууль , эрх зүйн газрын захирал Д.Аюуш нэгэн шаардлага явуулжээ. Шаардлага хүргүүлэх тухай А-10/28 дугаартай албан бичигт “…”Дотоод актив чанаргүйдэх эрсдэлийг бууруулах арга хэмжээ”-ний хүрээнд Монголбанк, Голомт банк, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан “Өрийн бичиг шилжүүлэх гэрээ”-ний дагуу Танай компаниас гаргасан нийт 100.0 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй Өрийн бичгийг Голомт банкнаас Монголбанкны зээлийн төлбөрт тооцон шилжүүлэн авч Өрийн бичиг эзэмшигч болсон.
Өрийн бичиг эзэмшигчтэй байгуулсан “Өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээ”-ний 7.3 дахь заалтаар Өрийн бичиг гаргагч Өрийн бичгийн төлбөр бүрэн төлөгдөж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараахгүй байх үүрэг хүлээсэн байхад Танай компанийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/184 дүгээр албан бичгээр ирүүлсэн тайлбарт 2015 онд хувьцаа эзэмшигч Д.Баясгаланд ногдол ашиг хуваарилсан талаар дурджээ.
Д.Баясгалан нь энэхүү хөрөнгийг Танай компанид хоёрдог өглөгөөр санхүүжүүлж, улмаар Танай компани Голомт банкны гаргасан хувьцааг худалдан авч нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болсон байна.
Танай компани дээрх арга хэмжээний хүрээнд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул зөрчлийн талаарх тайлбарыг нэн даруй ирүүлж, гэрээний үүргийн зөрчлийг арилгах арга хэмжээг авч ажиллана уу” гэжээ.
Монголбанкны ерөнхийлөгчийн 2010 оны долдугаар сарын 30-ны өдрийн 460 дугаар тушаалын хавсралтын 1.5.4-т “Хоёрдогч өглөг” гэж гэрээнд заасан хугацаа дууссаны эцэст хөрөнгө оруулагчдын хурлын шийдвэрийг үндэслэн хувьцаагаар солих бөгөөд энэ талаар холбогдох гэрээнд тодорхой заасан байх өрийн бичгийг хэлнэ.
Хоёрдогч өглөгийн үндсэн өрийг банкийг татан буулгасан, банк байгуулах зөвшөөрлийг хүчингүй болгосон, дампуурсан, төлбөрийн чадваргүй болсныг зарласан, өөрчлөн байгуулсан, Монголбанкнаас урьдчилан зөвшөөрөл авснаас бусад тохиолдолд хугацаанаас нь өмнө барагдуулахыг хориглоно.
Банк нь төлбөрийн чадваргүй болсон, татан буугдсан эсхүл дампуурсан тохиолдолд банкны активыг худалдаж борлуулсан орлогоос нэхэмжлэгчийн шаардлагыг хангах дарааллын “бусад өглөг” гэсэн төрөлд хоёрдогч өглөгийг хамааруулна” гэсэн байна.
Ингэхээр Голомт банкны хувьцааг хөдөлгөөнд оруулж нөлөө бүхий буюу давуу эрхтэй хувьцаа эзэмшигч болсон “Бодь интернэшнл” ХХК-г хувьцаагаа буцаахыг Монголбанкнынхан шаардсан байна гэсэн үг.
Эх сурвалж: news1.mn