Кофег монголоор “боргол” гэдэг. Борголын модыг дэлхий дээр нийт 10 сая га газарт тариалж байгаа бөгөөд 12 улсын хувьд экспортын гол бүтээгдэхүүн болдог. Борголын, хүний эрүүл мэндэд тустай тал гэвэл: Эрч хүч сэргээхээс гадна өтгөн шингэлэх, шээс хөөх чанартай. Хамгийн гол нь бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй. Энэ нь анагаах ухааны эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон зүйл. Харин борголын чихрийн хэмжээг зохистой бага тунд барьж байхгүй бол цусан дахь холестериний хэмжээ нэмэгдэж чихрийн шижинтэй болоход “морийг нь эмээллэдэг”-ийг эрдэмтэд бас судалгаагаар тогтоожээ.
Монголчууд бидний хэрэглээнд сүүлийн үед хүч түрж орж ирж байгаа нь солонгос гонжгор боргол билээ. Тус борголын ар талын үзүүрт чихрийн орцын хэмжээг 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 гэсэн тоогоор заасан байдаг. Хамгийн илүү чихэрлэгтэй нь 11-тэй, хамгийн багатай нь 1-тэй. Бага тоо нь их тоо руугаа өгсөх тутам чихэр нь ихсэнэ гэсэн үг. Таны бие махбод “саахарын хэрэг”-т орооцолдсон бол бага тоотой боргол уух нь эрүүл аж төрөхөд нэн зохистой нь ойлгомжтой. Ер нь Данзангийн Нямсүрэн найрагчийн шүлэглэсэнчлэн “Эрээнцавд бороо орох сайхан” бас “Эргэх дөрвөн улиралд амьд явах сайхан” шүү дээ.
aguulga.mn