Эхлэл онцлох Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон ингэж ярьж...

Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон ингэж ярьж байв

Д.Бат-Очир

ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор 2016 оны арваннэгдүгээр сарын 3-нд мэдээлэл хийж,  “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүнээр хэн хэн, хаанаас томилогдсон талаар дуулгаж байлаа.

Тэрээр “…“Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын компани болсон бөгөөд үйлдвэрийн шинэ ТУЗ нийтдээ долоон хүнээс бүрдэж байгаа. Үүний дөрвийг нь үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж байгаа Засгийн газраас томилсон бол гурвыг нь 49 хувийг оросуудаас худалдаж авсан “Монгол зэс” /Mongolian Сopper Сorporation/ компаниас томиллоо.

“Эрдэнэт”-ийн шинэ хувьцаа эзэмшигч буюу “Монгол зэс” компаниас ТУЗ-ийн гишүүнээр Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг томилсон” гэв.

“Эрдэнэт”-ийн ТУЗ-д орсон О.Орхон бол Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажилладаг.

Тэрээр 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 1997 онд МУИС-ийн ЭЗС, 2003 онд Их Британы Уэльсийн их сургуульд суралцаж төгсөн банк санхүү, бизнесийн удирдлагын ухааны магистр цол хамгаалсан. 1997-2003 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, 2004 – 2005 онд Трий Тигерс ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2005-2006 онд Мянганы сорилтын сангийн үндэсний зөвлөлд санхүүгийн зөвлөх, 2006-2007 онд Улаанбаатар хотын банкинд Гүйцэтгэх захирал, 2007 оноос хойш Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч, Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байгаад 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс тус банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн юм.

О.Орхон нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр удаа дараалан бонд гаргах ажлыг хамтран удирдаж амжилттай арилжаалсан, “Bloomberg TV Mongolia”-г санаачилж хэвлэл мэдээллийн салбарын цоо шинэ хуудсыг нээсэн гэх мэт банк, санхүүгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулан ажилллаж байгаа, туршлагатай өндөр боловсролтой залуу удирдах боловсон хүчний нэг гэгддэг.

Тэрээр 2004 онд Шилдэг залуу алтан медаль, 2005 онд Сангийн яамны хүндэт жуух бичиг, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 2007 онд Нийслэлийн оны шилдэг залуу, 2008 онд Монгол Улсын бахархалт залуу шагнал, 2009 онд Санхүү, банкны шилдэг ажилтан, 2010 онд Алтан гадас одон, 2012 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байжээ.

Харин түүнийг ажлаа өгөх гэж байгаа гэсэн мэдээлэл өчигдрөөс яригдаад эхэллээ. Хэдийгээр албан ёсоор энэ мэдээлэл батлагдаагүй ч өдийг хүртэл Худалдаа хөгжлийн банк, “Монгол зэс” /Mongolian Сopper Сorporation/ компанийг хоорондоо хамааралгүй гэж шийдвэр гаргаж ирсэн нэр бүхий шүүгчдийн шийдвэрийг үгүйсгэсэн мэдээлэл Засгийн газрын хуралдааны нууц тэмдэглэлээс гарч ирсэн байна.

Ингээд түүний ил буюу хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалтад Худалдаа хөгжлийн банк ямар оролцоотой талаар юу гэж ярьж байсныг тоймлон хүргэе.

…МАН, МАХН-ын удирдлагын зүгээс ОХУ-ын “Ростех” компанийн эзэмшдэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан хятадууд авлаа гэсэн худал мэдээлэл тарааж байна.
Иймд доорхи тайлбарыг нийт монголчууддаа хүргэхээр шийдлээ.

Манай Худалдаа хөгжлийн банкны 95 хувийг монголчууд эзэмшдэг. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшихээр болсон “Монголын зэс” компанийг 100 хувь монголчууд эзэмшиж байна. ОХУ-ын “Ростех” компани “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг зарах саналаа ирүүлсэн учраас гэрээ хэлцэлд орсон билээ.

Худалдаа хөгжлийн банкыг санхүүгийн үйлчилгээ үзүүлж чадна гэдэг утгаар нь сонгосон болно. Монголчууд “Эрдэнэт” үйлдвэрээ 100 хувь эзэмших болсон мэдээг сонгуультай холбогдуулан улс төржүүлж буй нам эвслүүдийг увайгүй үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна.

Монголчуудын мэдэлд “Эрдэнэт” үйлдвэр ирснээр улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: http://www.assa.mn/a/38610

 

…”Эрдэнэт”-ийн хувьцааг худалдаж авахтай холбоотой гэрээ хэлэлцээр эхлэх үеэр манай банкинд санхүүгийн зөвлөгөө өгөөч, санхүүжилтэд нь оролцооч гэсэн хүсэлт тавьсан.

Тэр бүр хийгдээд байдаггүй, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээтэй, олон улсын гэрээгээр зохицуулагдаж байсан, томоохон хэмжээний үнэ өртөгтэй, олон улсын хориг санкцууд орчихсон улсын компанитай хэлцэл хийнэ гэдэг амар биш. Бид Монголынхоо төр засаг хувийн хэвшлүүдэд зөвлөгөө өгч байсан өндөр туршлагатай. Санал тавьсан шалтгааны нэг нь энэ. Мэдээж хэрэг гаднаас хөрөнгө оруулалт татахаар хэмжээний төсөл хөтөлбөрт мөнгө төгрөг зарцуулах туршлага маань бидэнд хандсан гол шалтгааны нэг. Санхүүжилтэд нь оролцооч гэсэн хүсэлтийн тухайд Худалдаа, хөгжлийн банк зээл олгодог байгууллага гэдэг утгаараа оролцсон. Харин хөрөнгө оруулалтын банкны болон зөвлөгөө өгөх чиглэллээр ажилладаг TDB Capital компани гэрээ хэлцэлд зөвлөгөө өгч ажилласан.

“Эрдэнэт”-ийн нэг ч хувьцаа манай банкны эзэмшилд байхгүй. Хоёрдугаарт, эрх мэдлээ тогтоосон ямар ч асуудал гараагүй. Гуравдугаарт, манай банкаар дамжуулан “Эрдэнэт”-ийн хувьцааг худалдаж авсан гэх ойлголт огт байхгүй. Бид зөвлөгөө өгсөн гэдгээ маш тодорхой хэлж байгаа. Санхүүжилт олгосон нь үнэн. Томоохон хэмжээний хэлцэл байсан учраас хууль дүрмийнхээ дагуу нэг зээлдэгчид олгох боломжтой хэмжээний санхүүжилтийг олгосон. Үүнээс гадна гадаад, дотоодын компани, хөрөнгө оруулагчдаас мөнгө босгож өгсөн.

Бүх мөнгийг зөвхен зээл хэлбэрээр босгосон учраас “Эрдэнэт”-д гадны ямар нэг оролцоо байхгүй. Дахин хэлэхэд цэвэр зээлийн эх үүсвэрүүдийг босгож өгсөн. Ингээд гэрээ хэлэлцээр амжилттай  болсон.

Эх сурвалж: https://news.mn/r/747763/

 

…Хэлцэл буцвал “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь Монголд ирэх боломжгүй болно

Эх сурвалж: https://twitter.com/medeemn/status/824050602342653952

 

…“Эрдэнэт” үйлдвэрийг худалдаж авсан мөнгө бол аль хэдийнэ гаднаас босгосон Монгол Улсын нөөцөд тусгагдаагүй мөнгө. Дүн нь 400 сая ам.доллар. Энэ мөнгө валютын нөөцөд ороогүй.

Эх сурвалж: http://politik.mn/post/17375

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here