Дархан, Эрдэнэтийн чиглэлийн авто замын шинэчлэлтийн ажил ирэх сарын 12-ноос эхлэхэд бэлэн болжээ. Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарын хүмүүс энэ онд хийгдэх авто замын шинэчлэлт засварын талаар өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ ингэж мэдэгдэв. Улаанбаатар-Дарханы автозамын шинэчлэлтийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байгаа юм. Зам барилгын ажлын хүрээнд энэ чиглэлийн замыг ирэх сараас 12 дугаар сар хүртэл хааж хийх аж. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог бол наадам, цагаан сарын үеэр зорчигчдын урсгал нэмэгддэг байна. Оргил ачааллын үеэр өдөрт 12300 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс тус замыг заварлаж, дөрвөн эгнээтэй болгох ажлын хүрээнд Улаанбаатар-Дарханы чиглэлийн түр замыг Баянчандмань-Жаргалан-Сүмбэр-Хонгор чиглэлээр нэвтрүүлнэ. Булган, Хөвсгөл аймгийн иргэдийг Лүн чиглэлээр нэвтрүүлэхээр 30 хувь замын хөдөлгөөний ачаалал буурч байгаа аж. Зорчигч тээвэрт нэмэлт вагон гарган ажиллуулах юм байна. АХБ-ны санхүүжилтээр нийтдээ 204.16 км урт зам тавих аж. Нийтдээ 27 ширхэг объектуудыг чөлөөлнө.
Дашрамд дурдаха 2019 онд таван аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилтын хүрээнд нийтдээ 123 төсөл арга хэмжээнийн 2559.7 км автозамын бүтээн байгуулалт болон их засварын ажлыг хийнэ. Мөн 23 байршилд 1719.3 урт метр төмөр бетон гүүр хоолойн байгууламж, их засварын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.