Д.Бат-Очир
Улстөрд хүн чанарын асуудал ярьдаггүй гэдэг. Энэ орчинд мөнхийн нөхөрлөл, мөнхийн дайсагнал байдаггүй гэж үздэг юм билээ.
Гэхдээ монгол хүний хувьд энэ бол муухай үзэгдэл.
Хэдхэн сарын өмнө УИХ-ын даргаас огцорсон М.Энхболдын жишээн дээрээс хараад үүнийг хэлж байгаа юм.
Жилийн өмнө МАН-ын даргын ажлаа өгөөд, сар гаруйн өмнө УИХ-ын даргын албан тушаалаа өгсөн М.Энхболд яг одоо ганцаардаж байгаа ажээ.
Түүнийг Их тэнгэрээс нүүхэд ч УИХ-ын дарга болоод очиход нь цүнхтэй хувцас, бараа тавилгыг нь зөөгөөд гүйж явсан журмын нөхөд нь очоогүй байна.
Бас том явахад нь нөмөр нөөлөгт нь явсаар дээшилсэн улстөрчид, одоогийн УИХ-ын гишүүд ч түүнийг орхин оджээ.
Харин тэдгээр нөхөд нь Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, түүний ойр орчмынхонд “ёсолж” бараа, нөмөрт нь орцгоож байна.
Улс төрийн хүрээний пялдагадах гэдэг аймшигтай муухай ааш аяг байдаг юм.
Хэрвээ 2020 онд МАН унаж, гудамжинд гарвал тэд бас л У.Хүрэлсүхийг хаяад дараагийн “лидер” рүү хошуурна.
Гэхдээ энэ үзэгдэл Монголын улс төрд шинэ юм биш. Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг гээд төрийн өндөр дээд албан тушаалд байгаад “унасан” хүмүүсийн хувь заяа ийм л байсан.
Ийм учраас монгол хүний мөс чанар, жудаг гэдэг зүйлийг Монголын улс төр л устгаж байгаа хэрэг.
Яг одоо бол МАН-ынханд У.Хүрэлсүхийн эрин цаг харагдаж байгаа. Мэдрэгдэж ч байгаа байх. Тиймээс л М.Энхболдоо үнсэнд хаясан шалз шиг орхиод У.Хүрэлсүхийг тойрон шумуул шиг “дүнгэнэцгээж” байна.
Эх сурвалж: www.news1.mn