Эхлэл онцлох Мөөмөө идээрэй, миний алаг үр

Мөөмөө идээрэй, миний алаг үр

1970-аад оны дундуур ерөнхий боловсролын 10 дугаар анги төгссөн бидний хэдэн монгол хүүхэд хээрийн галуу нисэн хүрэх Польш улсыг зорьж, Лоздь хотын Их сургуульд суралцан польш хэлийг 0-ээс эхлэн есөн сар үзсэн юм. Жил бүрийн намар хэлний бэлтгэл ангид суралцахаар Лоздь хотноо ирсэн гадаадын олон орны оюутнуудаас монголчуудыг сонгон багшилдаг Мариан Шиманский гэдэг эрдэмтэн багш уламжлал ёсоор бидэнд польш хэл заалаа. Сайхь багшаар урьд онуудад польш хэл заалгаж, улмаар их дээд сургуульд элсэн орсон оюутан ах нар түүнийг “Дух гэж дууддаг юм шүү” гэж бидэнд хэлж өгөв. Энэ нь магнай өргөн бол ухаантайн шинж гэсэн монголчуудын уламжлалт ойлголттой холбоотой нэр гэнэ. Бас нэмж “Дух багшийг хэл усгүй хэмээн андуурав. Хичээл заахдаа польшоос өөр хэлээр амнаасаа ганц ч үг унагадаггүй. Энэ нь сургалтын арга барил, өвөрмөц онцлог. Багш маань маш олон гадаад хэл мэддэг” гэж тодотгож билээ.

Лоздь хотод ирснийхээ дараа жилийн хавар польш хэлний бэлтгэл ангиа дүүргэлээ. Дух багшийнхаа хичээл зүтгэлээр “iLe kosztuje”-тэйгээ боллоо. (Ямар үнэтэй вэ гэсэн асуух өгүүлбэр) Дух багш хамгийн сүүлчийн шалгалтын дараа байх аа, биднээс,
– Эх гэдэг үгийг монголоор юу гэдэг билээ? гэж асууж байна. Багшаасаа үргэлж асууж явсан шавь нарт нь эсрэгээрээ ганц удаа хариулах боломж гарсан хэрэг. Бид бие биенээсээ өрсөхөөр ам уралдуулан “ээж” хэмээн хоороороо хашгирлаа.Багш,
– Арай л биш байна.
– Ижий.
– Бас л биш байна. Польш mama-тай адил дуудагддаг даа гэж байна. Хамгийн түрүүнд зөв хариулах хүсэлдээ хөтлөгдсөн бид хэд “мама,..маам,..мээм,..мөөм,..” гэх зэргээр олон хувилбараар буудлаа.
– Яг тийм, мээм. Бас муум гэдэг. Тийм ээ.
– Багшаа, муум биш. Мөөм.
– Аа, тийм мөүм гэж герман аялгаар хэллээ. Бид хэд,
– Багшаа та, ялимгүй буруу дуудаад байна. Мөөм, мөөм гэж давтаж хэлж өглөө. Дух багш маань “Дэлхий даяар дуудлага, утга ижил ганцхан үг байдаг нь мама буюу танайхаар мээм шүү дээ. За, ингээд нэг сэдэвт хичээл өндөрлөлөө. Энэ удаа та нар миний багш, харин би шавь боллоо” гээд хоёргүй зангаар инээд алдав.

Дараа зун нь Дух багштайгаа тааралдаад “Та нөгөө, манай “мөөм”-ийг зөв дуудаж сурсан уу” гэж асуухад,
– Монголч эрдэмтдээс жаахан ахиц гарсан гэсэн үнэлгээ аваад байгааЭрдэмтэн Роман Якобсон “Мама гэдэг үг нь нялх хүүхдүүд зөн билиг, чин сэтгэлээсээ өөрийгөө төрүүлсэн хоме сапиенсийг энхрийлэн дуудаж байгаа үг биш, ердөө “хоол” гэсэн утгатай хэллэг гэж тайлбарласан. Монголчууд хүүхдээ хөхүүлэхдээ “мөөмөө идээрэй” гэж хэлдэг нь дээрх гаргалгааны жишээ юм хэмээн өгүүллээ.

Дух багшийн нэмж тайлбарласнаар бол, хүүхдүүд “мама, мама” гэж дуудаж байгаа нь “ээжээ, ээжээ” гэсэн үг биш, зүгээр л “хоол, хоол” гэсэн үг аж. Харин монголчууд хүүхдээ хөхүүлэхдээ “Мөөмөө идээрэй, миний зулзага” гэж байгаа нь ямар ч ац утгагүйгээр “Хоолоо идээрэй, миний үр” гэж шууд хэлж буй. Гэхдээ Монгол хэлэнд мама (мээм) -гаас гадна өөрийг нь төрүүлсэн хомо сапиенсийг заасан ээж гэсэн өөр нэр үг байгаа. Үүгээрээ монголчуудын сэтгэлгээ нь дэлхийн бусад үндэстэн ястнаас огт ондоо гэдгийг харуулж байгаа баталгаа гэнэ.

Ингэхэд бүх хүний дургүйг хүргэсэн “харгис” дүгнэлт гаргаж, ижийгээ дуудах энхрий дотно үг “мама”-г “хоол” гэж орчуулсан Роман Осипович Якобсон гэж хэн бэ? Орос, Чех, Америкийн харьяат гэсэн тодотголтой, XX зууны хэлшинжлэлийн суут эрдэмтдийн нэг Р.Якобсон нь 1896 оны аравдугаар сарын 10-нд Москва хотноо химийн инженер мэргэжилтэй жүүд худалдаачны гурван хүүхдийн нэг нь болон мэндэлжээ Нэрт эрдэмтэн маань 85 насандаа 1982 оны зун Кембриж хотноо хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Хэлшинжлэл, утгазохиолын шүүмжлэл, хүн судлалын шинжлэх ухаанд Р.Якобсоны оруулсан оюуны гайхамшигт бүтээлүүдийнх нь талаар энд дэлгэрэнгүй бичсэнгүй, сонирхвол google-дэн “хүрд эргүүлэх” боломж уншигчдад байгааг харгалзлаа. Харин “мама”-тай холбоотой,  шинжлэх ухааны дүгнэлтээс нь сонирхъё.
Дэлхийн үндэстэн ястан бүрийн хэл маш өөр, үгийн дуудлага болон утга давхцахгүй. Хэл бол харилцааны хэрэглүүр гэж тодорхойлдог нь францаар ярихад франц хэлтэй нь, оросоор хэлэхэд орос хэлтэй нь гэх мэт, өөрөөр хэлбэл тус тусын мэдэх төрөлх хэлний хүрээ, төвшинд харилцан бие биенээ ойлгох тухай юм. Одоо 7.3 тэрбум хүн долоон мянга гаруй хэлээр ярьж байгаа. Гэтэл дэлхий дээр хүмүүс ямар ч хэлний саад хориггүй ойлгох, адилхан УТГА, ойролцоо ДУУДЛАГАТАЙ ганцхан үг байгаа. Тэр нь “МАМА”.
Оросоор: мама
Хятадаар: мама
Казахаар: мама
Болгараар: мама
Латинаар: mamma, mater
Хиндиэр: mam
Чехээр: matka
Түвдээр: ма
Англиар: mamma, mother
Германаар: mutter
Испаниар: madre
Италиар: madre
Францаар: maman
Грекээр: miteira
Хорватаар: mama
Польшоор: mama
Литваар: mama, motina
Швахилиар: mama
Монголоор: мээм, мөөм 
гэх мэт.

Хэлшинжлэлийн нэртэй эрдэмтэн Р.Якобсон бүх хэлээр “мама” ижил байгаа шалтгааныг, ямар ч хүүхэд хорвоод мэндэлснээс хойш долоо хоногийн дотор уйлж байхдаа амнаасаа “дуугаргаж” чадах хамгийн амархан гийгүүлэгч авиа нь “м” гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл ээжийнхээ “мээмийг идэж” байгаа буюу амандаа хөхний товч үмхсэн нярай хүүхэд уруулаа хөдлөлгүйгээр анхлан хэлэх үг нь “м-а-м-а” ажээ. Тэрбээр, хүмүүс том болсон хойноо гайгүй амттай хоол унд зооглосныхоо дараа сэтгэл өег байгаагаа санамсаргүйгээр илэрхийлэхдээ уруулаа жимийсэн чигээрээ “ммм” гэсэн аялга гаргадаг нь нялх байхдаа амнаасаа анхлан унагасан “м-а-м-а” гэсэн үг гэж тайлбарласан.

Дашрамд дурдахад 1970-аад оны төгсгөлөөр БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Мариан Шиманский багшийг “Найрамдал” медалиар шагнасан. Дух багш маань “Монгол оюутнуудад польш хэл зааж сургасныг Монголын төр үнэллээ” хэмээн машид баярласан байна лээ.

Эх сурвалж: Aguulga.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here