“Энхбат Дамиран Нормандын Лэ Хавре боомт дахь зоогийн газарт ирэхдээ дур булаам тэрслүү үзэлтэнтэй уулзана хэмээн бодож байв. Магадгүй, Засгийн газар нь гэмт хэргийн гол зохион байгуулагч гэж үзэж байсан түүний гадаадад хуурамч нэрээр таван жил амьдарсан нь аюулгүй байна гэх ташаа мэдрэмжийг бий болгосон байх. Гэвч ар гэрийхэн нь түүнийг улс төрийн тэрс үзэлтэн байсан гэж зүтгэж байгаа ноён Дамиран өнгөрснөөсөө зугтаж чадсангүй. Уулзана гэж болзсон эмэгтэйгийн оронд төрөлх Монголоос нь ирсэн цахилгаан бороохойгоор зэвсэглэсэн тагнуулын дөрвөн ажилтан угтан уулзаж, ухаан алдуулан хүлээж байсан унаанд хийж авч явсан байна. Үүний дараа юу болсныг хүйтэн дайны үеийн тагнуулын тухай туужаас харж болох юм. Ноён Дамиранг Францыг гатлан Бельгиэр дамжуулан Берлин дэх Монголын ЭСЯ-ны доод хонгилын өрөөнд авчран удаа дараа тариагаар тарьж байсан байна. Эцэст нь ихээхэн мансуурсан цагаачийг өнгөлөн далдалж, тэргэнцэрт суулган хуурамч дипломат паспорт ашиглан Монголын нийслэл Улаанбаатар руу нисэх онгоцонд суулгасан байна.
Үүнээс найман жилийн дараа Дээд шүүхэд энэхүү эмгэнэлт үйл ажиллагаатай холбогдох асуудал хэрэгтэн шилжүүлэх талаар өрнөсөн тэмцлийн төв болж, Лондон, Берлин дэх эрх баригчдын хувьд нэн тааламжгүйгээр эргэн тэдгээрийн Улаанбаатар дахь Засгийн газартай харилцаагаа сайжруулах итгэл найдварыг алдагдуулахаар заналхийлж байна.
Хүн хулгайлах ажиллагааг зохион байгуулагч нь Будапешт дахь Монголын ЭСЯ-нд ажиллаж байсан Бат Хурц байсан бөгөөд тэрээр эх орондоо үндэсний баатар болон эргэн ирж, тус улсын тагнуулын газрын даргаар нэн даруй дэвшин томилогдон нь түүнийг Монголын гуравдахь юмуу дөрөвдэх хамгийн хүчирхэг хүн болгосон аж.
Ноён Хурц өдгөө өнгөрсөн оны есдүгээр сард Их Британид урьхидуулан ирсэнийхээ дараа Өмнөд Лондонгийн Вандсворсын шоронд шаналан сууж байна. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг Лондонд айлчлуулан Давид Кэмэронтой хийх уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Даунинг Стритийн өндөр албаны хүмүүстэй уулзана гэж итгэж байв. Гэтэл үүний оронд түүнийг Хитроугийн нисэх онгоцны буудалд Германы прокурорын байгууллагаас гаргасан хэрэгтэн шилжүүлэх нэхэмжлэлийн дагуу баривчилсан байна.
Ноён Хурц өөрийгөө Засгийн газрын тусгай үүргийн тухай олон улсын хууль тогтоомжийн дагуу болон дипломат албан ажлаар явж байсан Засгийн газрын өндөр албан тушаалтны хувьд халдашгүй дархан эрх эдэлж байгаа гэдгээ илэрхийлж байгаа. Ноён Хурцыг Лондонд айлчилж аюулгүй байдлын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэхийг Улаанбаатарт сууж байсан Их Британийн Элчин сайд Вилльям Диксон өдөөн хөхиүлэн дэмжиж байсан тухай Дээд шүүхэд мэдээлж байсан. Баривчилгааны дараа ноён Диксоныг нэн даруй Лондонд эгүүлэн дуудаж, улмаар тэрээр дипломат албанаас хугацаанаасаа өмнө халагдсан юм.
Ноён Хурцын өмгөөллийг дэмжиж буй олон улсын хуулийн нэрт шинжээч профессор Сэр Элиху Лаутерпахт “Монголын Засгийн газар Британийн тал ноён Хурцад халдашгүй эрх эдлүүлэхэд алдаа гаргасны эсрэг хууль эрх зүйн арга хэмжээ авах боломжтой” гэж мэдэгдсэн байна. Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамыг өмнө нь Засгийн газрын хамгийн дээд төвшний олон улсын эрх зүйчээр ажиллаж байсан Сэр Майкл Вүүд төлөөлж байгаа. Тэрээр ноён Хурцыг албан үүрэгт ажлаар яваагүй бөгөөд Засгийн газрын зүгээс сайд буюу өндөр хэмжээний бусад ямар нэг албан тушаалтантай уулзалт тохироогүй гэж мэтгэж байгаа юм.
Гэвч өмнө нь нууц байсан Гадаад хэргийн яамны е-мэйлүүд нь ноён Диксон болон ГХЯ-ны өндөр албан тушаалтнууд хэрхэн ноён Хурцын айлчлалын талаар ярилцан түүнийг баривчлахаар төлөвлөж байсныг илчилсэн байна. Тэдгээр нь мөн баривчилгааг “хамгийн дээд төвшинд баталсныг” илрүүлжээ.
Монголын эрх баригчдаас ноён Дамиранг хулгайлан авчирсны хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн тухай Германы прокурорын байгууллагад илгээсэн захидлын хуулбарыг Дээд шүүхэд хүргүүлээд байгаа юм байна. Ийнхүү хүлээн зөвшөөрсөн нь өөрийн Засгийн газрын даалгавраар Их Британид айчилсан өндөр албан тушаалтан байсан гэж байгаа ноён Хурцын нотолгоог улам бэхжүүлж байгаа юм. “Таймс” сонины олж авсан захидалд “ноён Дамиранг хулгайлан авчрах ажлыг Засгийн газрын өгсөн үүргийн дагуу хэрэгжүүлсэн бөгөөд үүний хариуцлагыг Засгийн газар бүрэн дүүрэн хүлээнэ” гэжээ. Түүнчлэн “Хэрэв ноён Хурц Засгийн газрын тушаалыг дагаагүй бол түүнд өөрт нь шийтгэл хүлээлгэх байсан юм” гэсэн байна.
Захидалд мөн ноён Хурц нь Их Британид өөрийн Засгийн газрын даалгавраар “Их Британитай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр” ирснийг дурдсан байна.
Ноён Дамиран нь 1998 онд болсон Монголын Дэд бүтцийн сайд Санжаасүрэнгийн Зоригын аллагад сэжиглэгдэж байсан. Монголын Засгийн газар түүнийг Франц, Бельги, Нидерланд, Герман болон Зүүн Европын орнуудад дэлгүүрээс хулгай хийдэг эмэгтэйчүүдийн бүлгүүдийг зохион байгуулсан аюултай мэргэшсэн гэмт хэрэгтэн гэж тодорхойлдог. Тэрээр мөн эмэгтэйчүүдийг хяналтдаа байлгахын тулд хүчиндэж, тамлан тарчлааж байсан хэрэгт буруутгагдаж байжээ.
Түүнийг гэр бүлийхэн нь Улаанбаатарт хүчээр хүргэгдсэнийхээ дараа шоронд тамлуулсны улмаас нас барсан цагаач байсан гэж үздэг. Тэд үүний нөхөн төлбөрт Монголын Засгийн газраас 3 сая евро буюу 2.3 сая паунд нэхэмжилж байгаа аж.
Дээд шүүхийн шийдвэрийг уг хэрэг дээр ажиллаж байгаа гурван улсын олон улсын эрх зүйчид, дипломатууд анхааралтайгаар ажиглаж байна. Лондон Монголын эрх баригчдтай эе эвийг олохыг хичээж байна. Их Британи нь Хятадаас тусгаар тогтносон Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн анхны улс бөгөөд хоёр орны цэргүүд Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Өнгөрсөн жилээс Лондонгийн хөрөнгийн бирж Улаанбаатар дахь өөрийн хамтран зүтгэгчийн үйл ажиллагааг эрхлэн явуулах болсон бөгөөд Британийн компаниуд Монголын байгалийн баялгийг ашиглахыг сонирхон хүсэмжилж байгаа юм.
Ноён Хурцыг шоронд хорьсон нь харилцааг эрс хүйтрүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч ноён Камеронтой хийх байсан уулзалтаа цуцалсан. Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Жереми Браун Британийн бизнесийн үйл ажиллагааг дэмжихээр 5 дугаар сард Улаанбаатарт айлчлахад түүнийг “Хурцыг эх оронд нь буцаа”, “Хүний хулгайч Диксон хаана байна?” гэсэн лозунг барьсан жагсагчид угтан авсан. Монголын байгалийн баялгийг ашиглах, төмөр замын шинэ шугам барихад оролцох гэсэн германы компаниудын ашиг сонирхлыг дэмжихээр ирэх намар Улаанбаатарт айлчлахаар бэлтгэж байгаа Германы канцлер Ангела Меркелийг ч ижил төрлийн эсэргүүцлээр угтана гэж таамаглаж байна.
Хэрэгтэн шилжүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа Дээд шүүхийн шүүгчдийн нэг болох лорд Мосес Гадаад хэргийн яам ноён Хурцын баривчлагааг зохион байгуулахынхаа өмнө Германы эрх баригчдад бичгээр хандан “Та бүхэн биднийг энэ бүх түвэгтэй байдлыг бий болгож, үймээн шуугиан дэгдээхийг үнэхээр хүсч байна уу?” гэж асуугаагүй нь “гайхшралтай” байна гэжээ.
Эх сурвалж: “Ардын эрх” сонин. Э.Уранцэцэг. 2011.7.20. david.brown@thetimes.co.uk