Эхлэл улс төр Ц.Нямдорж: Захиалагчийг хэлж чадахгүй ч Ц.Элбэгдорж “Энэ хэргийн алуурчныг Нямдорж ямагт хамгаалдаг”...

Ц.Нямдорж: Захиалагчийг хэлж чадахгүй ч Ц.Элбэгдорж “Энэ хэргийн алуурчныг Нямдорж ямагт хамгаалдаг” гэж хэлсэн нь сэжигтэй санагдсан

С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын явцад хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэгийг өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд хаалттайгаар үзүүллээ. Түүний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж олон нийтэд мэдээлэл хийв.

Мэдээллийн эхэнд “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд би албан ёсоор уучлалт гуйж байна. Гурван настай хүн их зовж байна. Үхтэл үр харам гэдэг үг байдаг. Энэ гурван хүнийг амьд байхад хүүхэд нь алуурчин биш гэдгийг ойлгуулчих юмсан гээд би адгаад зүтгээд байгаа. Хэрэг шийдвэрлэгдээд гурван жил гаруй, би энэ хэргийг яриад хоёр жил гаруй болж байна. Тэр “Паар” гэдэг залуугийн ах Нэргүйг би авчирч өнөөдөр уулзлаа. Тэр залууг бурхны оронд одсоны дараа хэрэгтэн болгохын тулд нэг хүнийг гэрчээр татсан байдаг. Гэрч 1998 онд Амгаланбаатар ах бид гурав хамт ууж байтал Амгаланбаатар ах хот орж захиалагч нараас мөнгө авсан гээд өврөөсөө багсайсан мөнгө гаргаж ирээд хүүхдүүдэд нь мөнгө тараасан гэж ярьсан байдаг. Гэтэл талийгаач залуугийн том охин 1999 онд удаах нь 2001 онд төрсөн байгаа юм. Ингээд худлаа нь нотлогдож байгаа юм.

2015 оны гуравдугаар сарын 31-нд Содномдаржаад эрүү үүсгэж, 30 хоногийн дараа Чимгээгийн хашаанд цогцос аваачиж хаясан. Ингээд 8 дугаар сард тэднийг хориод 9 дүгээр сард шүүхээр орсон. Тэднийг Ганц худгийн хамгийн чанга дэглэмд хорьсон. Шүүхийн шийдвэр гарсны дараа прокурор тэдэнтэй хэнийг ч уулзуулж болохгүй гэсэн бичиг өгөөд дарамтлаад байсан. Хуулиараа бол шүүхээр шийтгүүлсэн хүнтэй уулзахад зөвшөөрөл авах шаардлагагүй” гэв.

Сэтгүүлчдийн асуултад өгсөн мэдээллийг тоймлоё.

Бичлэгийг хэн хийж, яагаад устгасан тухайд тагнуулын байгууллага өөрийнхөө сервер дээрээс сэргээсэн. Тийм юм болж байгааг ажлын хэсэг камераар хараад сууж байсан гэсэн үг. Энэ хэргийг шалгах явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллаагүй байна. Шөнө шүүхийн шийдвэрийнхнийг хөөж явуулчихаад Чимгээгийн өрөөнд хүн оруулсан магадлалтай.

Б.Содномдаржаа руу Ц.Амгаланбаатар мессэж бичих боломжгүй байжээ. Тодруулбал, Ц.Амгаланбаатар нэлээд тамлуулж байж энэ балай юмнуудаа ярьж эхэлсэн. 2014 он гараад мессэжүүд цувж эхэлсэн. 2008 оноос хоригдсон тэр хүн гар утас ашиглаж чаддаггүй. “Намайг Чимгээтэй, Содномдаржаатай утсаар яриулаад мессэж бичээд сууж байдаг байсан. Би мэдэхгүй” гэжээ. Ц.Амгаланбаатар сургуулийн дундаас гарсан хүн. Гэтэл тэр мессэжүүдийг харахад үг үсгийн нэг ч алдаа байдаггүй.

 

Хэргийн захиалагч, зуучлагч, хамжигч гэж хавтаст хэрэгт байдаг аж. Мөнгө төгрөг өгсөн, авсан талаар худлаа юмнууд зөндөө байна. Мөнгө нэг бол цаасан дугтуйтай, нэг бол чемодантай болоод яригдаад байдаг. Үүнд нэр холбогдсон хүмүүсийг дуудаж асуугаагүй. Шууд л яллачихсан.

Эрүүдэн шүүх ажиллагаа явагдсан байхад ажлын хэсгийн ахлагч, Ерөнхий прокурорын туслах Г.Эрдэнэбат албан тушаалаа өгсөн. Хэрэгт Г.Эрдэнэбатаас гадна ТЕГ-ын дарга асан Хурц ч мөн шалгуулах ёстой гэв. Салбарын сайд энэ тухайд “Энэ хоёр хүн гардаж энэ бүхнийг зохион байгуулсан” гэлээ.

Б.Булганы хувьд хэргийн хохирогч байснаа сэжиглэгдэж 10 сар хоригдсон. Одоо энэ хүн хохирогч, яллагдагчийн аль нь болох нь тодорхойгүй байна гэв.

Түүнээс гадна энэ хэргийг шалгаж шийдвэрлэсэн хүмүүс өндөр цол хэргэм хүртсэн байдгийг хэллээ. Тодруулбал, Зоригийн хэргийг зохиомлоор шийдвэрлэсэн, зохион байгуулсан хүмүүс  одон медаль цол, албан тушаал авсан. Хүн хилсээр хэлмэгдүүлж тамалсныхаа төлөө генерал цол авчихаад явж байна. Бүр ёстой юм шиг  шагнал авсан, ёстой юм шиг ийм хэрэг шийддэг  хэдэн прокурор шүүгчтэй болсон гэж байна.

Харин хэргийн захиалагчийн хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тодорхой нэр дурдаагүй ч экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийг нь “Энэ хэргийн алуурчныг Нямдорж ямагт хамгаалдаг” гэж хэлснийг онцлов.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here