С.Зоригийг хөнөөсөн хэргээр 3 шатны шүүхээс 20-25 жилийн ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн шалгах ажлын явцад эрүүдэн шүүсэн бичлэгийг хэсэгчлэн ил болгоод буй. Б.Содномдаржаа Л.Жавзмаатай холбогдож цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу. Таны бие тэнхээ тавлаг уу?
-Гайгүй л байна.
-Хүүтэйгээ уулзаа юу. Эмнэлэгт хэвтсэн гэв үү?
-Уулзаж амжаагүй байна. Ирэх нэгдэх өдөр л уулзана даа.
-Уулзаагүй байсан хэрэг үү. Бие нь хэр байна гэнэ вэ?
-Хэцүү байгаа нь мэдээж. Хуулийнхан арай ч ийм байдалд хүргэнэ гэж бодсонгүй. Эхнээсээ л явуулга хийсэн хүмүүс бүх юмыг хийж л дээ.
-Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлсэн. Та сонссон биз дээ?
-Сонсолгүй яахав. Эрүүдэн шүүнэ гэж байж болшгүй асуудал. Анхнаасаа би хэлж байсан. Хүүгээ баригдсанаас хойш илэрхийлж байсан зүйл бол Б.Содномдаржаа нарыг хилсээр гүтгэж байна гэж. Одоо ч энэ байр сууринаасаа хөдлөөгүй. 8 настай балчраас 80 настай буурай хүртэл бүх монголчууд үүнийг мэдэж байгаа.
-Ар гэрийн байдал нь ямар байгаа вэ?
-Ар гэрийн байдал хэцүү. Бүх юм сүйрсэн. 4 жил байтугай 4 хоногийн хугацаанд л сүйрсэн. Хадам аав, ээж нь хоёул харвалт өгсөн. Бүгд эмнэлгээр явдаг боллоо.
-Б.Содномдаржаатай уулзах хүсэлтийг та өөрөө гаргаа юу, цаанаасаа таныг уулзах чөлөөтэй гэв үү?
-Уулзах хугацаа 4, 5 сар өнгөрчихөөд байна. Шинэ томилогдсон прокурор эмнэлэгт хэвтсэн юм чинь уулз гээд зөвшөөрлөө. Хуучин прокурор бол бөөн хуйвалдааных байсан. Ямартаа ч ийм муухай хэлмэгдүүлэлтийг зогсоож биднийг баярлуулж байгаад Ц.Нямдорж сайдад баярлаж байгаагаа хэлье.
Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА