Б.Сансар
Наурызийн баярыг тохиолдуулан гуравдугаар сарын 22-нд Москвагийн Кремлийн ордонд Казахстаны маш ховор хоолойтой 25 настай дуучин Димаш Кудайберген анх удаа бие даасан концертоо тогложээ. Түний концертыг үзэх гэж 56 орноос фэнүүд нь хүрэлцэн ирсэн тухай “Спутник” агентлаг уламжилж байна.
Москвагийн бүсгүйчүүд Димаш Кудайбергенийг бишрэн хүлээн авчээ
Москвад оршин суудаг Маруся Светлова Димашийн тухай санамсаргүй мэджээ. Тэрээр интернетээр “YouTube” дахь Димашийн видеог хараад шууд л биширсэн гэнэ. Маруся Светлова, “Цэмцгэр сайхан залуу тийм хүчтэй хоолойтойг нь сонсоод ёстой мэл гайхаж цэл хөхөрсөн дөө. Тэр цагаас хойш сүүлийн хэдэн сарын турш уран бүтээлийг нь ажиглан сонирхох болсон. Москвагийн бус, тэр тусмаа Москвагийн оддын элит гаралгүй хэрнээ энэ залуу интернетэд тэднээс ч илүү алдаршиж байна шүү дээ. Тэр тайзан дээр гарч ирээд бүх оддыг бүдгэрүүллээ” гэж ярьжээ.
Светлана Гурская Димашийн дуунуудтай мөн л “YouTube”-ээр танилцаад шооконд оржээ. Тэрээр, “Түүний концертод ирсэндээ хязгааргүй их баяртай байна. Энэ залуу жинхэнэ сэтгэлээсээ дуулдаг нь таалагддаг. Түүнд хуурамч зүйл гэж огт байхгүй. Мөнгөний төлөө ямар нэг дуу дуулдаг эстрадын оддоос тэс өөр” гэжээ.
Антонина Смирнова Димашийн тухай анх охиноосоо сонссон бөгөөд одоо охинтойгоо хамт дуучны Москвагийн фэн-клубын идэвхтэй гишүүн болсон аж. Тэрээр, “Түүнийх шиг хоолойг би урьд өмнө сонсч байсангүй. Түүнийг дуулахад бүх бие чичиргэнэн өөрийн эрхгүй нулимс гардаг. Түүний хоолой хүмүүсийн сэтгэл зүрхийг нэгтгэдэг увидастай. Түүнээс илүү дуучин одоогоор хаана ч алга” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.
Хятадаас 300 гаруй шүтэн бишрэгч нь иржээ
Димашийн концертыг үзэх гэж Москвад Хятадаас 300 гаруй фэнүүд нь хөл тавьжээ. Анх чухам Хятадад “I am a singer” дууны уралдаанд оролцсоны дараа Димаш Кудайберген дэлхий даяар алдаршсан юм. Хятадын шүтэн бишрэгч бүсгүй, “Бид Димаш аль ч улсад концерт тоглосон очиж үзэхийг хичээдэг. Түүний хөгжим, дуунууд бид нарт маш чухал” гэжээ.
Димашийг Украинд концерт тоглоно гэдэгт найдаж байна
Димашийн концертыг үзэхийн тулд Ольга нөхрийнхөө хамт Германы Фульда хотоос иржээ. Тэрээр Димашийн Германы фэн-клубын гишүүн ажээ. Харин Татьяна Вишнякова Украины Одесс хотоос иржээ. Дуучны Украин дахь фэн-клубт 400 гаруй гишүүн байдаг аж. Тэрээр, “Бид Димашийг “Любовь уставших лебедей”, “Аккуым” дуунуудынхаа клипийг хийхээр Киевт ирэхэд нь уулзсан юм. Түүнийг Украинд концерт тоглоно гэдэгт найдаж байна” гэж ярьсан юм.
Димаш Кудайбергений Кремлийн ордон дахь бие даасан тоглолт Оросын алдарт хөгжмийн зохиолч Игорь Крутойн ивээл дор болжээ.
Эх сурвалж: ura.mn