ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хүнд хэлбэрийн хордлогын улмаас БНСУ-д шинжилгээ өгч, эмчлүүлэхээр явсан тухай хэвлэлүүд мэдээлж байна.
Харин түүнийг эзгүй хойгуур буюу өнөөдөр /2019.4.29./ Монголын зэс корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин шүүхэд хандсан байна. Ц.Пүрэвтүвшин Л.Оюун-Эрдэнийг Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмтэй холбогдуулан шүүхэд өгчээ.
Мөн ингэж онцгой дэглэм тогтоогоод, Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсан талаар буруутгасан байна.
Болж өнгөрсөн явдлыг нэхэн сануулахад 2019 оны 3 дугаар сарын 6-нд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ТЕГ-ын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат нарын хамт очиж, Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож байгааг мэдэгдсэн байдаг.
Энэ талаар Засгийн газрын мөн өдрийн ээлжит хуралдаанаар “УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Монголросцветмет ХХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоолоо” гэсэн шийдвэрийг гаргасан.
Улмаар 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ”Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталсан. “Үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана.
Мөн “Монголросцветмет” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь батлав” гэж ЗГХМА-наас мэдээлж байв.Болсон явдал нь энэ. Харин Монголын зэс корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин энэ бүхнийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн буруу гэж үзсэн бололтой.