Аваргын “хантааз”
Нэгэн сэтгүүлч бүсгүй “Асашёорюү сан”-гийн ерөнхийлөгч Д.Сумъяабазараас ярилцлага авахаар очжээ. Аварга албан хэргийн хувцастайгаа сууж байж гэнэ. Нимгэн сорочик цамцтай суугаа аваргын цээж рүү өнөөх бүсгүй алмайран харж байснаа хариугүй хажууд нь очоод энгэр рүү нь шагайчихсангүй. Энэ байдлыг анзаарсан аварга ихэд сандарч “Хөөе, чи чинь юу хайгаад байна аа?” гэж гайхшран асуужээ. Бүсгүй “Хантааз” гэж дотроо хэлж. Тэр бүсгүй аваргыг цамцан дотроо хантааз өмсчихсөн байх гэж таамаглаж л дээ. “Тэрнээс биш ийм мөр, цээжтэй хүн байна гэж үү?” гэж хэмээн бодсон хэрэг.
Зурмал зормол
Долгорсүрэнгийн Сумьяабазар аваргын бие галбир, хийцтэй уран барилдаан үзэгчдийг зурагтын өмнө уяж, наадамчдыг төв цэнгэлдэхэд тушсаар арав гаруй жил өнгөрчээ. Харамсалтай нь энэ жилийн наадмаар туушхан барилдаантай аваргаа харсангүй.
Тээр жил чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн дээр Д.Сумьяабазар барилдахаар гарч ирж билээ. Би тэгэхэд улсын заан З.Дүвчин гуайн хажууханд сууж таарсан. Дүвчин заан Сумьябазарыг хараад толгой сэгсрэн “Хн, энэ одоо зормол юм уу, зурмал юм уу. Доогоо заан ч залуудаа ийм байгаагүй дээ. Тэр цээж, хөлийг нь хараач” гэж бахдан ярьж билээ. Үнэхээр ч чөлөөтийн бариу трико өмссөн аваргад өө гэж байсангүй.
Эмээгийн хүү
Догоо зааных дөрвөн хүү нэг охинтой. Хамгийн том хүү нь Сугаррагчаа, тэгээд Сумъяабазар, Сэржбүдээ, Дагвадорж. Тэднийх “Хүчтэн” хэмээх овогтой. Ийм гэр бүл ийм овог авахгүй бол хэн энэхүү овгийг зүрхэлж авах билээ дээ.
Аваргыг мэндлээд 14 хоноогүй шахам байхад нь эмээ дээр нь өгөөд ээж нь ажилдаа орсон гэдэг. Ингээд эмээгийнхээ хүү болжээ. Зурагтад хашаанд амьдардаг тэрбээр хожим эмээгээ амирлахад л гэртээ очсон гэдэг. Гэр хороололд ус авч, түлээ хагалан, долоо хоногтоо амралтын өдрөөр л усанд орохоор гэртээ очдог байж. Гэр хороололд эмээгийнхээ дэргэд өссөн нь Сумьяабзарыг ажилд сургаж, бүл суухад ч зохих дэм болсон хэрэг.
Ганц чаддаггүй мэхээ гарамгай сурсан нь
Нэгэн сонины сурвалжлагч түүнээс нэгэнтээ “Таны огт хийж чаддаггүй мэх гэж бий юу? хэмээн сониучирхан асуужээ. Хариуд нь Сумьяабазар “Хавирах мэхийг л хийж огт чаддаггүй юм. Өөр дээрээ татаж хавирчих гээд болдоггүй” хэмээн хэлсэн байдаг. Гэтэл нэгэн цагаан сарын барилдаанд тэр бараг ганц хавирах мэхээр л түрүүлж билээ. А.Сүхбатыг хавсраад, үзүүр түрүүнд бас И.Доржсамбуу гарьдыг хавирч цохиод өвдөглүүлчихсэн. Ингэж тэрбээр огт чаддаггүй мэхээ гарамгай гэгч нь хийсээр түрүүлсэн нь бөх сонирхогчдын гайхшрал, бахархлыг зэрэг төрүүлсэн удаатай.
Боль гэж хэлээч…
Аварга туушхан барилдаантайгаас гадна бас шулуухан үгтэй нэгэн. Наадмын найрааны тухай яриа ид өрнөж, ахмад аваргууд тав давж арав таван юм халаасалж байгаа тухай Монгол даяар л ярилцдаг байж. Ингээд Бөхийн өргөөн дээр Сумьяабазар наадмаар барилдах эрхээ авч, бүртгүүлэхээр ирлээ. Бүртгүүлчихээд гарах гэтэл нэгэн ахмад аварга бүртгүүлэхээр үүдэн дээр ирэх харагдахад “Хн, болиоч гэж хэлээч” хэмээн хажуудахь хүнээ нэг нудран өгүүлснээ ахмад аваргад зам тавьж өгч билээ. Эрэмбээ бодоод эрсхэн хэлэхэд хэцүү байсан биз. Бас өнөөх А.Сүхбат Г.Өсөхбаярын “тийрэлцээний” дараа “Би Өсөхөөгийн оронд байсан бол битгий хуц гээд шууд дайраад барилдах байсан. Тийм үгийг сонсоод, бодоод зогсдог л буруу байхгүй юу” гэж хэлж байсан удаатай.
Долоо догонцсон нь
Хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэтэй тэр улсын наадмаар хоёр удаа барилдсан. Нэг удаад нь заан болуутаа хөлийг нь аваад өөрөө суучихсан бол хоёр дахь удаад нь давхар шуудагны барьцнаас хутгаад, хутгаагаа хөмрөө болгон түрж хөөхдөө долоо догонцож байж дээр нь тусч билээ. Их хүчит арслан толгойгоо сэжин инээж, аргагүй өдөр өдрөөр өсч буй залуугийн бярыг бахдан тахимаа өгсөн дөө.
Би цолоо гуйж биш гуядаж авна
Сумьяабазар зургаан залуу заанаас хамгийн түрүүнд улсын наадмын үзүүр түрүүнд хүрсэн бөх. Тэр нийтдээ дөрвөн удаа үзүүрлэсэн. Энэ үед Бөхийн холбооны Их Эе хуралдаж, цолны асуудлыг айхавтар шуугиантай авч хэлэлцэж билээ. Таван дархан аваргаар хурлаа толгойлуулсан энэ Их Эе-ийн үеэр Д.Сумьяабазар гэнэт босч ирлээ. Тэр ихэд уурласан байсан. Учир нь түүний эрэмбийг гол өрсөлдөгчдийнх нь дор байхаар Их Эе-ээр шийдэх гээд байсан юм. Энэ торгон агшинд өөрийнхөө төлөө үг хэлэхээр босч ирсэн нь энэ. “Яагаад та нар миний хөдөлмөр, улсын наадамд удаа дараа үзүүрлэснийг минь үнэлэхгүй байгаа юм бэ. Би цолоо хуралдаж биш барилдаж авч чадна. Би гуйж биш гуядаж авна” гэж амьсгаа тун дээртэй өгүүлсэн нь “Хүн байгаа газар но бий” хэмээх үгийн үнэн баталга болчихоод байсан тухайн Их Эе-ийн гишүүдэд тун эмзэг туссан билээ. Тэгээд ч тэрбээр улсын наадамдаа 10 даван түрүүлж, аварга цолыг үнэхээр гуйж биш гуядаж авсан билээ. Түүнийг түрүүлэхэд цэнгэлдэх даяар “Аварга, аварга!!!” гэж бүгд нэгэн хүн шиг нүргэлэн хашгирч байсныг тод санаж байна. Энэ бол монгол бөхийн түүхэн дэх нэгэн онцгой түүхэн агшин байсан. Зөвхөн Сумьяабазарын төлөө л тэр үед бүх хүн нэгдэн “Аварга” гэж хашгирч чадах байсан үе л дээ.
news1.mn Р.Гэгээ