Е.МЯГМАРСҮРЭН
SOPOT-III. 1963.VIII.15-18. Польшийн далайн боомтын Гданск хотын концертын танхимд олон улсын дуулаачдын, Сопотын их наадам гурав удаагаа болж байлаа. Энэ наадмын анхныхад 1961 онд Швейцарын Жо Роланд “Nous Deux”, хоёр дахид нь 1962 онд Грекийн Жанно Иованна “Ti Krima” дуугаараа түрүүлсэн. Эдгээр авьяслаг уран бүтээлч төдийгүй ая дуугаа өргөсөн бусад оролцогчийн ур чадварын төвшнөөс үүдэж цоо шинэ тус наадам хөгжмийн ертөнцөд хүлээлт үүсгэсэн өрсөлдөөн болж хувирчээ. Харин 1963 оны Сопотын наадам их л аядуу, нийтээр хүсэн хүлээсэн уран бүтээлийн шилдэг “тайлан” төдий л сонсогдохгүй, дүнсгэр унтаа байдалд үргэлжилж байв. Зохион байгуулчид төдийгүй шүүгчид нь хүртэл наадмын нэр хүнд унах вий гэж санаа зовниж эхэллээ. Гэтэл Дэлхийн оюутан залуучуудын II наадмын алтан медальт Тамара Миансарова тус уралдаанд зориулж бэлтгэсэн “Пусть всегда будет солнце” гэдэг шинэ бүтээлээрээ ая дуугаа өргөсөн нь тэсрэлт болов. Ингэснээр Сопотын наадам “аврагдлаа”. Польшийн “Kraj rad” сонинд “Гданскийн хөлөг онгоцны газрын концертын их танхим хэтийдсэн уянгалалд автагдаж, магадгүй хэдхэн мөчийн дараа уйтгар гунигийн давалгаанд нөмрүүлэх юм шиг аяс мэдрэгдэж байлаа…Аз болоход Зөвлөлтийн дуучин бүсгүйн номер нөхцөл байдлыг өөрчлөн бүгдийг байлдан дагууллаа” гэж онцлон тэмдэглэсэн.
Тамара Миансарова нь энэ удаагийн Сопот-III наадамд “Пусть всегда будет солнце” дуугаараа түрүүлсэн бөгөөд хожмоо нэлээд олон уран бүтээл хийж ОХУ-ын Ардын, Украины Гавьяат жүжигчин болсон дуучин.
Уралдаанд түрүүлсэн энэ дууны үгийг 1962 онд бичсэн эрхэм бол ОХУ-ын төрийн шагналт яруу найрагч Лев Ошанин. Оросуудаас “ХХ зууны танай яруу найрагчдаас дууны шүлгийн хаан нь хэн бэ” гэж асуухад бүгд л (надтай тааралдсан нь шүү) “Лев Ошанин” гэж хариулна. Бас нэмж “Түүний зохиосон дуу Хойд туйлын мөс, түүнчлэн элсэн цөл, аглаг тайга, хаана ч дуурсаж байдаг. “Течет река Волга”, “Пусть всегда будет солнце”, “Комсомольцы”, “Родина моя”, “Песня о тревожной молодости”, “Есть такая любовь” гэсэн сонгодог дуу нь оросууд бидний хувьд гайхамшиг. Олон улсад болохоор өөр өөрийн хэлээрээ дуулдаг “Ардчилсан залуучуудын сүлд дуу”, “Дэлхийн залуучуудын холбооны сүлд дуу” нь алдартайг мэднэ биз дээ” хэмээн лавлах, тайлбарлахын завсраар өгүүлж байх юм.
Яруу найрагч Лев Ошанин 1912 онд ОХУ-ын Ярославск мужийн Рыбинск сууринд сурвалжит тайжийн гэрт мэндэлжээ. 1996 өвөл 84 хүрч бурхан болж тэнгэрт дэвших хугацаандаа тэрбээр яруу найргийн 70 түүвэр хэвлүүлсэн юм. Түүний шүлгэнд С.Туликов, М.Фрадкин, А.Островский, А.Новиков, В.Марадель, А.Пахмутова нарын алдартай хөгжмийн зохиолч ая хийсэн байдаг бөгөөд бидний монголчууд “Пусть всегда будет солнце”-г гайгүй сайн мэдэх байх гэж бодсон учраас яруу найрагч Лев Ошанины төрсөн өдрийг тохиолдуулан энэ бүтээлийг нь илүү онцолсноо хэлье. Уг дууны аяыг хөгжмийн зохиолч А.Островский зохиосон.
Сонирхуулахад, “Пусть всегда будет солнце”-г “Наран үүрд мандаж байг” гэж тэртээ 1960-аад онд монголчилсон. Дууны “Это рисунок мальчишки. Нарисовал Он на листке И подписал в уголке”бадгийг М.Цэдэндорж найрагч “Хуудасхан цаас жаалхүү аваад Хурмаст тэнгэрийг нартай зурлаа”гэж хөрвүүлсэн бол Б.Явуухулан найрагч “Цэвэрхэн цаас жаалхүү аваад Цэлмэг тэнгэрийг нартай нь зурлаа” гэж арай өөр хувилбараар орчуулсан байдаг билээ.
Пусть всегда будет солнце
Это рисунок мальчишки.
Нарисовал
Он на листке
И подписал в уголке:
-Пусть всегда будет солнце,
Пусть всегда будет небо,
Пусть всегда будет мама,
Пусть всегда буду я!
Милый мой друг,
Добрый мой друг,
Людям так хочется мира.
И в тридцать пять
Сердце опять
Не устает повторять:
-Пусть всегда будет солнце,
Пусть всегда будет небо,
Пусть всегда будет мама,
Пусть всегда буду я!
Тише, солдат,
Слышишь, солдат,-
Люди пугаются взрывов.
Тысячи глаз
В небо глядят,
Губы упрямо твердят:
-Пусть всегда будет солнце,
Пусть всегда будет небо,
Пусть всегда будет мама,
Пусть всегда буду я!
Против беды,
Против войны
Встанем за наших мальчишек.
Солнце- навек!
Счастье- навек!
Так повелел человек.
-Пусть всегда будет солнце,
Пусть всегда будет небо,
Пусть всегда будет мама,
Пусть всегда буду я!