Эхлэл дэлхий 9 сая 288 мянган сонгогч Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөв

9 сая 288 мянган сонгогч Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөв

Өчигдөр ням гарагт Какахстаны Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль боллоо. Санал авах 9967 байранд нийт 12 сая сонгогчийн 77.4 хувь буюу 9288000 хүн ирж саналаа өгөв. Урьд өмнөх сонгуультай харьцуулахад сонгогчдын оролцоо нэлээд буурсан байгааг улстөрийн шинжээчид шинэ Ерөнхийлөгчөөр түрүүчийн төрийн тэргүүн Назарбаевын “гарын хүн” К.Ж.Токаев болох магадлалтайд дургүйцлээ илэрхийлсэн “эс үйлдэл”-ийн жишээ хэмээн тайлбарлав.  2015 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчийн ирц 95.11 хувьтай байжээ. Казахстаны өмнөх Ерөнхийлөгч Назарбаевын бүрэн эрхийн хугацаа ирэх 2020 оны хавар дуусч ээлжит сонгууль болох байсан ч тэрбээр өнгөрсөн 3 дугаар сард өөрийн хүсэлтээр огцорсон.

Тус улсын Парламентаас Касым-Жомарт Токаевыг түр хугацаагаар Ерөнхийлөгчөөр томилсон бөгөөд энэ нь Үндсэн хуульд заасан Төрийн тэргүүнийг бүх ард түмний саналаар сонгоно гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзсэн учраас энэ удаагийн ээлжит бус сонгуулийг явуулсан. Ерөнхийлөгчид долоон улстөрч: Касым-Жомарт Токаев-ерөнхийлөгч, Нур Отан намаас (Гэрийн гэрэл), Садибек Тюгел – Ұлы дала қырандары нийгэмлэгээс (Тал нутгийн бүргэдүүд), Амангельды Таспихов – Казахстаны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос. Дания Еспаева – Ак жол намаас (Гэрэлт зам). Толеутай Рахимбеков – Ауыл намаас (Хөдөө тосгон). Жамбыл Ахметбеков –  Коммунист Ардын Намаас. Амиржан Косанов – Ұлт тағдыры хөдөлгөөнөөс (Үндэстний хувь заяа) нэр дэвшсэн.

Дашрамд хэлэхэд, эрх баригч Нур Отан нам болон тус намын лидер Назарбаев, Токаев нарыг эсэргүүцэгчид энэ удаагийн ээлжит бус сонгуулийг бас ялгаагүй Үндсэн хууль зөрчсөн, 2020 онд хугацаанд нь явуулах ёстой хэмээн үзэж байсан. Ийм үзэл бодолтой иргэд өчигдөр Казахстаны олон газар эсэргүүцлийн цуглаан зохион байгууллаа. Тус улсын хүчний байгууллага жагсаалд оролцогчдыг Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг бойкотлосон гэсэн зэмд унагаж тэднээс одоогоор 500 хүнийг баривчлан саатуулаад байна.

Aguulga.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here