Эхлэл дэлхий Гүржид ОХУ-ын Төрийн Думын гишүүний үйлдэлд дургүйцсэн үймээн дэгджээ

Гүржид ОХУ-ын Төрийн Думын гишүүний үйлдэлд дургүйцсэн үймээн дэгджээ

Тбилиси хот дахь Гүржийн парламентын ордонд өчигдөр Парламент хоорондын Христийн ортодокс шашны ассамблейн 26 дахь чуулганыг тус байгууллагын ерөнхийлөгч, Оросын Төрийн Думын гишүүн Сергей Гаврилов нээж үг хэлжээ.

Тэрээр Гүржийн парламентын даргын суудалд суун үг хэлсэн нь тус улсын парламент дахь сөрөг хүчний төлөөлөгчдийн дургүйцлийг хүргэсэн тухай “Sputnik Georgia” агентлаг уламжиллаа.

Сөрөг хүчнийхэн парламентын даргын суудал болон индэрийг бүслэн эсэргүүцлээ илэрхийлсэн ба үүнээс үүдэн 25 орны парламентын төлөөлөгч цугларсан ассамблейн чуулганы хуралдаан тасалдаж, Оросын төлөөлөгчдийг Гүржийн парламентын ордноос хамгаалалт дор гаргахад хүрчээ. Уг нь ассамблейн чуулганыг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, Грекийн парламентын гишүүн хөтлөх ёстой байсан аж.

Болсон үйл явдлын дараа Тбилисийн бухимдсан иргэд парламентын ордон ба Оросын төлөөлөгчид байрласан зочид буудлын өмнө олон мянгаар цугларч эхэлжээ. Гэвч Гүржийн Дотоод хэргийн яамны онцгой албаныхан жагсагчдын эсрэг даралттай ус, нулимс асгаруулагч хий хэрэглэсэн төдийгүй резинэн сумтай буугаар буудан цуглааныг тараах болсон байна.

Жагсагчидтай нэгдсэн Гүржийн сөрөг хүчнийхэн тус улсын парламентын дарга Ираклий Кобахизе, иргэдийн эсрэг хүч хэрэглэх тушаал өгсөн Дотоод хэргийн сайд Георгий Гахария нарыг огцруулахыг шаарджээ.

Онцгой албаныхан парламентын ордны өмнөх талбайг жагсагчдаас хүчээр чөлөөлөх үед 30 жагсагч, 39 цагдаа бэртэж гэмтсэн ба цагдаа нар олон арван хүнийг саатуулжээ.

Б.Сансар

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here