Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай “Зууны мэдээ” сонин 2019 оны хоёрдугаар сарын 15-ны дугаартаа мэдээлж байлаа.
Тухайн үед АТГ-ынхан тэднийг гэр бүлийнхнийхээ нэр дээр бүртгүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй учраас хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзээд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн прокурорын газарт явуулж байв.
Харин Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай хоёрдугаар сарын 19-ний өдөр ШЕЗ болон Дээд шүүхийн Тамгын газарт зургаан шүүгчийг яллагдагчаар татахаас татгалзсан, түдгэлзүүлэх шаардлагагүй тухайгаа Мэдээлэл хүргүүлэх тухай 1/1117 тоот бичгээр мэдэгдсэн юм.
Яг ийм үндэслэлээр дахин 10 гаруй шүүгчийн асуудлыг АТГ шалгаж байгаа талаар бид мөн мэдээлж байсан билээ.
Тэгвэл өнгөрсөн сарын 26-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түгдэлзүүлэх зарлиг гаргажээ.
Эдний дунд бидний мэдээлж байсан зургаан шүүгчийн гурав нь буюу Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат нар багтжээ. Харин Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Д.Мөнхтуяа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын нэр байсангүй.
Нэр бүхий шүүгчдээс Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар мэдүүлэг авсан тухай зарим шүүгч мэдээллээ. Тиймээс АТГ-ынхан шүүгчдийн үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал нь Салхитын мөнгөний ордын хэргийг шийдвэрлэсэнтэй холбоотой гэж үзэж буй бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.Дамдин-Очир