Хөрш зэргэлдээ ОХУ-ын Эрхүү мужид үргэлжилж буй үерт 14 хүн амь эрсдэн 13 хүн сураггүй алга болж, бэртэж гэмтсэн 153 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй тухай тус мужийн Онцгой албанаас мэдээлж байна.
Саяаны нуруунаас эх аван Ангар мөрөнд цутгадаг голууд олон хоногийн аадар борооны улмаас үерлэж, Эрхүү мужийн Хүйтэн, Доод Үд, Тайшет, Жим, Тулун, Чун дүүргүүдийн 33 мянган хүн оршин суудаг 83 хот, суурин усанд автжээ. Арван мянга шахам хүн амьдардаг 3300 гаруй орон сууц, 13 гүүр, олон арван км засмал зам эвдэрсэн аж.
Үерийн бүсэд хоёр мянга гаруй онц байдлын ажилтан, цэргийн албан хаагч, 300 гаруй цэргийн болон тусгай техникийн хэрэгсэл, “Ан-12” онгоц, “Ми-8” нисдэг тэргүүд татан ажиллаж байгаа аж. Урьдчилсан тооцоогоор үер 1.1 тэрбум рублийн хохирол учруулаад байгаа аж.
ОХУ-ын Засгийн газар амь үрэгдэгсдийн ар гэрт нэг сая рубль, хүндээр бэртэж гэмтсэн хүмүүст 400 мянган рубль, хөнгөн бэртсэн хүмүүст 200 мянган рублийн нөхөн төлбөр тус тус олгож эхэлжээ. Түүнчлэн эд хогшлоо алдсан хүмүүст 100 мянган рубль олгож эхэлсэн байна.
ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев мэдэгдэхдээ, онц байдал зарлаад буй Эрхүү мужийн үерт өртсөн хот, суурингуудыг сэргээн босгох төлөвлөгөө бэлэн болсон бөгөөд удахгүй хэрэгжүүлж эхэлнэ гэжээ.
Ura.mn Б.Төгсөө